Хэвлэл мэдээлэл
Ярилцлага

Анхны тусламжийг зөв аргаар, цаг алдалгүй хүргэхэд иж бүрдэл зайлшгүй хэрэгтэй

Чингэлтэй дүүргийн Улаан Загалмайн Хорооны арга зүйч З.Халиунтай анхны тусламж болон анхны тусламжийн иж бүрдлийн ач холбогдлын талаар ярилцлаа.

- Анхны тусламж гэж юуг хэлэх вэ?
-Анхны тусламж гэдэг нь аливаа осол гэмтэл, биеийн болон сэтгэл зүйн гэнэтийн хямрал, өвчлөлийн үед мэргэжлийн эмч ирж, эсвэл эмнэлгийн байгууллагад хүргэж мэргэжлийн тусламж үзүүлэхээс өмнө гарын доорхи материал ашиглаж, цаг алдахгүйгээр өөртөө болон бусад хүнд үзүүлж байгаа тусламжийг хэлдэг. Гарын доорхи материал нь хамгийн цэвэр, тохиромжтой зүйл байх ёстой. Тусламжийг цаг алдахгүй, зөв аргаар үзүүлэх нь хүний амь насыг аврах, тухайн гэмтэл, өвчлөлөөс үлдэж болох үлдэц, хүндэрлийг багасгаж, эдгэрэлтийг түргэсгэхэд гол зүйл учраас хүн бүр анхны тусламжийн зохих мэдлэгтэй байх хэрэгтэй. Ер нь анхны тусламжийг үзүүлэхэд анхаарах гол зүйл бол нөхцөл байдлыг зөв үнэлж, зөв аргаар, цаг алдахгүй хүргэх нь чухал.

- Тусламж үзүүлж байгаа хүн яах ёстой вэ?
-Анхны тусламжийн менежментийн дөрвөн зарчим байдаг. Нэгдүгээрт, тайван байх. Өөрийгөө болон гэмтсэн хүн, аливаа гэрч ажиглагчийг эрсдэлд оруулахгүй байх ёстой. Хоёрдугаарт, нөхцөл байдлаас хамаарч өвтөнд аль болох аюулгүй байдлаар дөхөж очно. Гуравдугаарт, өвчтөнийг удирдаж ажиллана. Дөрөвдүгээрт, ажлыг дэс дараатай хийж гүйцэтгэнэ. Анхны тусламжийг хэрхэн үзүүлэх нь тухайн үед үүссэн нөхцөл байдал, орчин болон гарын доорхи материал зэргээс хамаардаг. Анхны тусламжийг зориулалтын материалгүй ч үзүүлж болно. Гэхдээ материал ашиглан, ямар хэлбэрээр үзүүлэхээс үл хамааран дээрхи зарчмуудыг мөрдөнө.

- Тэгвэл ямар дарааллаар үзүүлэх ёстой вэ?
-Анхны тусламж үзүүлэх дөрвөн шат дараалал байдаг. Нэгдүгээрт, орчны аюулгүй байдал болон тухайн тусламж шаардлагатай байгаа хүний байдлыг үнэлж, оношилно. хоёрдугаарт, энэ үнэлгээндээ тулгуурлан ямар тусламж, хэрхэн үзүүлэхээ шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл яаралтай хэрэгжүүлэх үйл ажиллагаа, дэс дарааллаа хурдан төлөвлөнө. Гуравдугаарт, төлөвлөсөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх буюу анхны тусламж, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлнэ. Дөрөвдүгээрт, үзүүлсэн тусламжийн нөлөөг үнэлж дүгнэн, өвчтөний байдлыг анхаарч асрамжилна. Осол гэмтлийн үед нөхцөл байдал амархан өөрчлөгдөж, эхний удаа сайн мэдэгдээгүй гэмтэл, өөрчлөлт илэрч болох тул дахин үзэж, шаардлагатай тусламжийг үргэлжлүүлэн үзүүлнэ.


Анхны тусламжийн том хэмжээтэй иж бүрдэл

- Анхны тусламж үзүүлэх үед зайлшгүй шаардлагатай зүйлс байдаг уу. Тоног төхөөрөмж ч юм уу?
-Тусламжийг зөв аргаар, цаг алдахгүй хүргэхэд анхны тусламжийн иж бүрдэл чухал хэрэгтэй. Иж бүрдэл нь гурвалжин алчуур, уян сунадаг боолт, ариутгалын уусмал, савтай ус, наалт, саван, халуун хэмжигч, сүлбээр зүй гэх мэтийн зүйлүүд байна. Бас өөр зүйлүүдийг ч нэмж болно. Иж бүрдэлд байгаа зүйлүүд бүгд өөр өөрийн үүрэгтэй. Тухайлбал, гурвалжин алчуураар толгойноос хөл хүртэлх бүхий л боолтыг хийж болдог. Эдгээрээс гадна хүн зөөвөрлөхөд ашиглаж болно. Уян сунадаг боолт гэхэд татах тусам чангардаг учраас өвдөг, тохой, шагай зэрэг үетэй хэсгүүдийг бооход илүү тохиромжтой гэх мэт. Анхны тусламжийн иж бүрдлийн хэмжээ, орц нь зориулалтаасаа хамаарч өөр байдаг ч ариутгал цэвэрлэгээ, төрөл бүрийн боолт хийх бинт, гурвалжин алчуур зэрэг зүйлүүд заавал ордог. Нэмэлт зүйлүүд нь хэрэгцээ зориулалтаасаа хамаарна. Жишээ нь: Гамшгийн үед ажиллах сайн дурын багийнх, гэр бүлийнх, аяных гэх мэт. Хайрцаг, сав цүнх нь ч онцлогтой байж болдог.


Анхны тусламжийн дунд болон жижиг хэмжээтэй иж бүрдэлүүд

- Хүмүүс иж бүрдэлийг хаана, ямар байдлаар авч явах ёстой вэ?
-Болзошгүй гамшиг, осол аваар гэнэт тохиолддог. Тиймээс бэлтгэлтэй байх хэрэгтэй. Үүний тулд анхны тусламжийн иж бүрдэлийг зайлшгүй авч явах ёстой юм. Иж бүрдэлийг бизнесийн байгууллага, үйлдвэр, уул уурхай, спорт, цэрэг, цагдаа, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний байгууллагууд, зочид буудал гээд бүхий л газруудад болзошгүй осол, гамшгийн бэлэн байдлыг хангах зориулалтаар байрлуулж, хэрэглэсэн материалыг нөхөж, бүрэн байлгах ёстой. Үүнээс гадна хөдөө орон нутаг, аялал зугаалгын үед ч зайлшгүй авч явах шаардлагатай төдийгүй тээврийн хэрэгслэлийн жолооч бүрийн бүхээгт заавал байх шаардлагатай.

- Аялал, зугаалгаар авч явах анхны тусламжийн иж бүрдэлд ямар зүйлүүд байвал тохиромжтой вэ?
-Аялал зугаалгын үед авч явахад тохиромжтой, авсаархан цүнхтэй байж болно. Цүнхэндээ шарх ариутгах, боох бүх зүйлс, гурвалжин алчуур, гар чийдэн, усны сав, гар ариутгах зүйлс, шархны лент, хурууны боолт, мохоо хайч, халууны шил зэрэг зүйлүүд байж болно. Нойтон салфетка, санитол хэрэгтэй. Өмнө хэлсэнчлэн хэрэгцээтэй гэсэн зүйлсээ нэмж хийж болно.

- Удахгүй хүмүүсийн аялал зугаалга эхэлнэ. Анхны тусламжийн иж бүрдэлийг хаанаас, ямар үнээр авч болох вэ?
-Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг болон аймаг, дүүргийн Улаан Загалмайн Хорооноос захиалж авч болдог. Үнэ нь хэмжээ, цүнх сав, бүрдэлээсээ хамаарч өөр өөр байх нь мэдээж, Дунджаар 30-120 мянган төгрөг. Худалдаалдаг эмийн сангууд ч цөөнгүй бий. Энэ дашрамд анхны тусламжийн сургалтыг Улаан Загалмайн байгууллагууд тусгай хөтөлбөрийн дагуу энэ чиглэлээр сургагдаж, дадлагажсан багш нар явуулдаг гэдгийг нэмж хэлье. Та бүхэн манайхаас анхны тусламжийн сургалт авахыг хүсвэл 318755 утсаар хандаж болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.