Хэвлэл мэдээлэл
Өгүүлэл

Анхны төгсөгч, анхны ажилтан


Доошоо буусан хоолойгоор урсан ирэх нунтаг зүйлийг том цагаан уутанд савлах, жинлэх, хаяг хадах ажил тасралтгүй, нэгэн жигд, бас өвөрмөц дуутай хослон явагдана. Энэ бол Оюу толгойн уурхайн Баяжуулах үйлдвэрийн савлах хэсэг. Савлаад байгаа нунтаг зүйл нь зэсийн баяжмал. Газрын хэвлийд байх хүдэр баяжмал болохын тулд олон шат дамжина. Бэлэн болсон баяжмалыг хамгийн сүүлд ууталж, тээвэрлэх машинд ачдаг. Дэлгүүрээр бол зарсан бараагаа торонд хийгээд худалдан авагчид өгч байгаа гэсэн үг л дээ. Савлах хэсгийн нэг ээлжинд 20 орчим хүн ажиллана. Энэ багийг удирдаж байгаа залууг Т.Ганзориг гэдэг. Түүний хувьд насаар залуу ч багийн ахлагчийн албан тушаалтай, хамт олныхоо, ажлынхаа өмнө хүлээсэн үүрэг, өндөр хариуцлагатай нэгэн. Уурхай бүхлээрээ, үйлдвэрийн энэ хэсэг ч аюул осолгүй, 24 цаг тасралтгүй ажиллах ёстой. Тиймээс хэсгийнхээ дамжлага бүрийг саатал, доголдолгүй ажиллуулах үүрэг хариуцлага түүнд бий.

Оюу толгойн уурхайн Баяжуулах үйлдвэр анхны баяжмалаа үйлдвэрлэж эхэлсэн өдрөөс Т.Ганзориг савлах хэсэгтээ дугуйт ачигчийн жолооч, уут өлгөгч, шошго хадагч, кранчин гээд бүх дамжлага дээр ажиллажээ. Залуу ажилтнуудаа бүх дамжлагаар сургаж, дадлагажуулсны хэрэг ч гарч.

"Оюу толгой" компани ажилтан бэлтгэх зорилгоор 2010 онд анхны 100 хүнээ элсүүлж, Эрдэнэтийн Технологийн сургууль дээр баяжуулах үйлдвэрийн оператор, хүнд машин механизмын оператор, баяжуулах үйлдвэрийн цахилгаанчин гэсэн мэргэжлээр сургаж эхэлсэн байна. Тэдгээр хүмүүсийн нэг нь Т.Ганзориг юм. Ажилтан бэлтгэх сургалтын зар олж уншаад шалгалт өгч тэнцсэн гэнэ. Анхны элсэгчид хоёр жилийн хугацаанд шахуу хөтөлбөрөөр онол, дадлага хослуулан суралцаж, шинэ мэргэжил эзэмшжээ. Танхимд үзсэн онолоо хажууханд нь байх уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрт очиж, байнга баталгаажуулдаг болохоор сургалтын үр дүн нь ч сайн байж. Түүний хувьд баяжуулах үйлдвэрийн оператор мэргэжилтэй, шинэ үйлдвэрийн шинэхэн ажилтан болсон түүхтэй. Булган аймагт төрж, Эрдэнэтэд өссөн түүний хувьд уурхай, үйлдвэрийн талаар илүү сайн мэднэ. Тиймээс ч энэ мэргэжлийг сонирхож эзэмшсэн байна. Тэрээр савлах үйлдвэрийнхээ талаар "Манай энэ хэсэг бүрэн автомат ажиллагаатай. Энд агуулахаас ирсэн баяжмалыг хоёр тонны уутанд савлаж, жинлээд, шошго хадна. Бас баяжмалын чийгшлийг хадгалах зорилгоор уутны дотор нимгэн гялгар уут давхар хийдэг. Нэг машинд 18 шуудай, 36 тонн баяжмал ачдаг" хэмээн тайлбарлалаа. Үйлдвэр бүрэн автомат учраас дараалал бүр нь нарийн горимтой. Ууталсан баяжмал жин дээр автоматаар зогсох төдийгүй, амсарт нь зүүсэн кодыг уншуулахад явах командаа өөрөө өгөх жишээтэй. Т.Ганзоригийн хувьд үйлдвэрийнхээ үйл ажиллагааг жигд явуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, талбай дээрх бүх тоног төхөөрөмжөө хянахаас гадна ямар нэг доголдол гарвал арилгах ёстой гэнэ. Учир нь, үйлдвэрийн дамжлагын аль нэг хэсэгт гэмтэл гарвал бүхлээрээ зогсох эрсдэлтэй. Үүнээс гадна өөрийнхөө болон багийнхаа аюулгүй ажиллагааг хангана. Оюу толгойн бүх ажилтан өөрийн багтаа аюулгүй ажиллагааны манлайлагч байж, аюулгүй ажиллагаанд хамаарах үүрэг хариуцлага хүлээдэг. Түүний багийн гишүүдийн олонх нь эрчүүд. Бие биенээ сайн ойлгож, урам зориг өгч ажилладаг эвсэг хамт олон. Түүний амнаас "Аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангах" гэсэн үг байнга гарна. Арга ч үгүй биз. Уурхайд аюулгүй ажиллагаа бол нэн тэргүүнд байдаг.

Савлах үйлдвэр цагт 100-130 уут баяжмал савлах боломжтой. Мэдээж, үйлдвэр учраас тодорхой хэмжээний дуу чимээтэй. Тиймээс хувийн хамгаалах хэрэгслүүд, чихний хамгаалалтыг байнга ашиглах ёстой. Т.Ганзориг "Уурхайн амьдрал өвөрмөц учраас анх ажилдаа дасахад бэрхшээл гарч байсан. Гэхдээ одоо бүрэн дасаад мэргэжлээрээ өөрийгөө хөгжүүлэхийг зорьж байна" хэмээн ярина билээ. Оюу толгойн уурхай бол залуучууд өөрсдийгөө хөгжүүлэх, сурч мэдэх таатай орчин. Учир нь, гадаадын мэргэжилтнүүдээс туршлага судалж, бас англи хэлний мэдлэгээ ажлын байрандаа ч байнга сайжруулдаг байна.

Түүний ажлын нэг өдөр өглөө 6.00 цагт аюулгүй ажиллагааны зөвлөмж, аюулыг тодорхойлж, арилгаснаар эхэлж, орой 18.00 цагт нөгөө ээлжиндээ хүлээлгэж өгснөөр дуусдаг. Ажлаа дуусгаад багаараа спортоор хичээллэнэ. Ээж, эгчтэйгээ Эрдэнэтэд амьдардаг болохоор ээлжийн ажлаа дуусгаад гэртээ очиж амарна. Т.Ганзоригийг гэртээ амраад ажил руугаа явах бүрт ээж нь "Болгоомжтой ажиллаарай. Анхааралтай байгаарай" гэж захидаг. "Оюу толгой" компанийн ажилтан бүрийн зорилго бол аюул осолгүй ажиллах. Тиймээс өдөр бүр ажлаасаа эрүүл, аюулгүй эргэн ирэх, аюул осолгүй ажлын байрыг хамтдаа бий болгохын төлөө тэр ажиллаж байна.

Өнөөдөр Оюу толгойд олон мянган залуу ажиллаж, хамтдаа бүтээж, хамтдаа хөгжиж байна. Бас компанийнхаа, өөрийнхөө түүхийг ч хамтад нь бичиж байгаа. Хүн бүрийн түүхээс Оюу толгойн түүх бүтнэ. Тэдний нэг бол Т.Ганзориг юм.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.