Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

Бөөрний хамгийн орчин үеийн аппарат гардуулав

Монгол Улс, Улаанбаатар хот – Өнөөдөр “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ)-ийн Бөөрний төвийн Бөөр Судлалын Тасагт 67 сая төгрөгийн үнэ бүхий зүүний чиглүүлэгчтэй Допплер хэт авиан хамгийн орчин үеийн аппарат гардуулж өглөө. Энэхүү аппаратыг гардуулах ёслолын арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц, УНТЭ-ийн эмч, сувилагч болон удирдлагууд оролцлоо.

Монгол Улсын Эрүүл мэндийн өвчлөлийн статистикаас үзвэл бөөр, шээсний замын эмгэгээс үүдэлтэй өвчлөл хүн амын нас баралтын зонхилох шалтгааны дөрөвт жагсдаг байна. Үндэсний хэмжээнд мэргэшсэн УНТЭ-ийн Бөөрний төвд жилдээ 1,200 өвчтөн хэвтэн эмчлүүлж, амбулаторийн бөөр судлалын тасагт 18,000 гаруй үзлэг хийдэг ба бөөрний тодорхой эмгэгүүдийг эрт оношлоход шаардлагатай аппарат байхгүйн улмаас хожуу шатанд оношлогдон хүндэрч, цөөнгүй хүн бөөр шилжүүлэн суулгах мэс засалд ороход хүрдэг байна.
Харин Оюу толгой компани бөөрний эмгэгийн эрт оношилгоонд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх зүүний чиглүүлэгчтэй Допплер хэт авиан аппаратыг УНТЭ-т бэлэглэснээр бөөрний өвчлөлийг тодорхой хэмжээнд бууруулах, цаашлаад олон хүний амь насыг аврах боломж бүрдэж байна. Тэр дундаа УНТЭ-ээр үйлчлүүлэгчид гадаад улсад өндөр зардал гарган оношилгоо хийлгэхгүйгээр Монголдоо энэ аппаратаар үйлчлүүлэх бүрэн боломж нээгдлээ.

Оюу толгой компани эрүүл мэндийн хүрээнд олон хандив, тусламж улсын эмнэлгүүдэд үзүүлж байсан юм. Энэ талаар дараах холбоосоор орж үзнэ үү https://goo.gl/WkB18v

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.