Хэвлэл мэдээлэл
Амжилтын түүх

Говийн малчнаас уурхайн оператор болсон Д.Хүрлээгийн түүх

Өмнийн говьд өрнөж буй их бүтээн байгуулалт, Оюу толгойн уурхай орон нутгийн иргэдийн аж амьдралд ихээхэн өөрчлөлт авчирч, томоохон эргэлт хийж байна. Оюу толгойн уурхай үйл ажиллагаагаа явуулдаг Өмнөговь аймгийн Ханбогд суманд ямар их өөрчлөлт, хөгжил дэвшил авчирч байгааг бүхэлд нь тоочно гэвэл хэтэрхий нуршуу болно. Тиймээс энэ удаа жирийн малчнаас уурхайн оператор болсон нэгэн залуугийн тухай товч өгүүлье.

Ханбогд сумын иргэн Д.Хүрлээ Оюу толгойн ил уурхайд хүнд машин механизмын операторчоор ажилладаг. Тэрээр энэ сумын, Оюу толгойн уурхай оршдог Жавхлант багийн нутагт төрж, өссөн нэгэн. Аливаа шинэ содон зүйлд хүсч тэмүүлдэг нь залуу хүний араншин. Төрөлх суманд нь Оюу толгойн бүтээн байгуулалт өрнөж, дэлхийд тэргүүлэх том уурхайтай болсон цагаас тэнд ажиллах, хүдэр зөөдөг нүсэр том машиныг нь жолоодох хүсэл түүнд төржээ. Энэ сумын олон залууд ийм гэгээн хүсэл мөрөөдөл төрсөн нь мэдээж.

Амины хэдэн малаа адгуулан аж төрж байсан Д.Хүрлээ 2012 оны 7 дугаар сард “Оюу толгой” компанид зам арчилгааны ажилтнаар анх ажилд орж, хоёр жил орчим ажиллажээ. Дараа нь орон нутгийн хүмүүсийг хүнд даацын машины операторчийн мэргэжлээр сургаж, ил уурхайд ажиллуулна гэсэн зарын дагуу бүртгүүлжээ. Эхлээд аюулгүй ажиллагааны сургалтад нэг сар орчим сууж, хүнд даацын машины загвар болох сургалтын симулятор дээр дадлага хийж. Үүний дараа хоёр сар орчим дагалдан жолоочоор ажиллажээ. Өмнө нь суудлын жижиг оврын автомашинтай байсан болохоор “Комацү 930Е-4SЕ” машиныг анх жолоодоход үнэхээр аварга том мэт санагдаж байсан гэнэ. Ингээд сургагч багш нарт сурсан, мэдсэнээ шалгуулж, өнгөрсөн оны 8 дугаар сарын 1-нээс Оюу толгойн уурхай хэмээх их айлын ам бүлийн нэгэн гишүүн болжээ. Түүний жолооддог “Комацү 930Е-4SЕ” хэмээх хүнд даацын машин 3500 морины хүчтэй, 15 метр өргөн, 18 метр урт, нэг удаа 290 тонн ачаа ачдаг. Шатахууны сав нь гэхэд л 4.5 тонны багтаамжтай. Үнэхээр аварга эд байгаа биз. Өнөөдөр ил уурхайд 28 ийм машин ажилладаг юм.

“Манайхан нэг гэр бүлийнхэн шиг эвтэй, гар нийлэн ажилладаг сайхан хамт олон. Бие биедээ байнга зөвлөнө, тусалж дэмжинэ. Хамт олондоо их баярлаж явдаг” хэмээн Д.Хүрлээ сэтгэл хангалуун ярьж байна. “Оператор үнэхээр сайхан мэргэжил. Аливаа уурхайд аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьдаг. Осол зөрчилгүй ажиллах л хамгийн чухал, хамгийн эрхэм зорилго” гэж нэмж хэлнэ билээ. Оператор гэдэг үгийг уул уурхайгаас хол хөндий зарим хүн сайн ойлгохгүй байж магадгүй. Хүнд даацын машины жолоочийн мэргэжлийн нэр л дээ.

“Сонирхсон мэргэжлээрээ төрсөн нутагтаа ажиллах үнэхээр сайхан шүү” гэж Д.Хүрлээ бахархангуй өгүүлсэн юм. Өсч төрсөн нутагтаа, дэлхийд тэргүүлэгч том уурхайд хамгийн сүүлийн үеийн хүчирхэг техникийн жолоо мушгих аз завшаан тохиосон нь залуу хүнд сайхан байлгүй яахав дээ.

Д.Хүрлээгийн жишээ бол хөдөө нутгийн малчин залуус эмээлт хүлгийн суран жолоог эрчит техникийн залуураар сольж, шинэ боломж, шинэ амьдрал өөд тэмүүлж байгаагийн бодит нотолгоо юм.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.