Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Говийн оюу хөгжлийг дэмжих сан” үйл ажиллагаагаа танилцуулав

2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр

“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-г үндэсний хэмжээнд танилцуулах уулзалт “Блю скай” цамхгийн “Кристал” танхимд болов. “Орон нутгийн тогтвортой хөгжил-түншлэл-хамтын ажиллагааны төлөө” сэдэвт энэнхүү уулзалтад УИХ-ын гишүүн Л.Энхболд, “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Үйл ажиллагаа хариуцсан захирал Тим Экерсли, Орон нутгийн харилцааны Ерөнхий менежер Ш.Байгалмаа, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Засаг дарга Н.Наранбаатар, Ханбогд сумын Засаг дарга Б.Дэндэвсамба, Австрали улсын Элчин сайд Жон Лангтри нарын хүндэт зочид, “Оюу толгой”-той хамтран ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцов. “Оюу толгой” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал, сангийн удирдах зөвлөлийн дарга Тим Экерсли уулзалтыг нээж хэлэхдээ “Та бид Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, говь нутгийг хөгжүүлэх зорилготой сан байгуулж байсан нь саяхан мэт санагдана. Гэвч энэ хугацаанд сан маань 26.7 тэрбум төгрөгөөр 65 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээд амжжээ. Өнөөдөр сангийн удирдах зөвлөл хуралдаж, олон чухал асуудал, түүн дотор энэ онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, түүний санхүүжилтийг шийдвэрлэснийг та бүхэнд дуулгахад таатай байна. Бид өнгөрсөн гурван жилд хийж бүтээснээ улам бататгах болно” гэв.

“Энэ уулзалт бол сурталчилгаа биш. Дөнгөж гурван нас хүрч буй хүүхдийнхээ үйл ажиллагааг та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Бидний олон жилийн уйгагүй хичээл зүтгэл, хүч чармайлтын ачаар ийм санг байгуулж чадсан билээ. Энэ сан маань өмнийн говийн хөгжлийг дэмжихийн төлөө хамтран ажиллах сайхан аз завшааныг бидэнд олгосон юм. “Оюу толгой компани үйл ажиллагаагаа явуулдаг орон нутгийн хөгжилд бодитой дэмжлэг үзүүлэх зорилго тавьдаг. Энэ сан бол олон улсын жишгийн дагуу байгуулсан, Монгол Улсад жишиг, үлгэр дууриал болсон анхны сан юм. Ханбогд сумыг өргөжүүлж, орчин үеийн шинэ хот болгон хөгжүүлэхийг зорьж байна” гэж “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх уулзалтын үеэр хэлсэн юм.


Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарын хэлснээс үзвэл, тус аймаг өнгөрсөн жил 73 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс 12 тэрбум нь “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-г-ийнх аж. Сантай хамтран ажилласнаар тус аймагт олон бүтээн байгуулалт өрнөж, улмаар олон улсад танигдах боломж бүрдсэнийг тэрээр онцолж байв. “Оюу толгой” компани 14 нэр төрлийн 30-аад бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг зөвхөн Өмнөговь аймгаас худалдан авахаар болсон нь их чухал үзүүлэлт гэнэ. Эдүгээ “Оюу толгой”-н ажилчдын 20 гаруй хувь нь Өмнөговь аймгийн иргэд юм байна.

“Оюу толгой” компани 2015 оны дөрөвдүгээр сарын 22-нд Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомж, тус компанийн хөрөнгө оруулагч “Рио тинто” компанийн олон улсад мөрддөг стандарт журмын дагуу Хамтын ажиллагааны гэрээг Өмнөговь аймаг, тус аймгийн Ханбогд сумтай байгуулсан юм. Энэхүү гэрээ нь Өмнөговь аймаг төдийгүй Монгол Улсын хэмжээнд уул уурхайн компани нутгийн захиргааны байгууллагатай иж бүрэн Хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж буй анхны жишээ болсон билээ. Уг гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” төрийн бус байгууллагыг 2015 оны есдүгээр сарын 25-нд байгуулсан юм. Уг сан “Оюу толгой” компаниас жил бүр олгох таван сая ам.долларын сайн дурын санхүүжилтийг удирдан зохион байгуулж, Өмнөговь аймагт тогтвортой үр ашиг авчрах төсөл,хөтөлбөрийг санхүүжүүлэн дэмжих замаар тус аймгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой. Энэхүү зорилгынхоо хүрээнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд 65 төсөл, хөтөлбөрт 26.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Таван сая ам.доллар бол Дундговь аймгийн нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө юм.
“Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн үр өгөөж, хувь нэмрийг зарим жишээгээр дурдъя. Төсөл хөтөлбөрийн үр шимийг 110 мянга гаруй иргэн хүртжээ. Тус сангаас хэрэгжүүлдэг “Говийн оюу оюутны тэтгэлэг” хөтөлбөрт Өмнөговийн 87 оюутан хамрагдав. Өмнөговийн жижиг, дунд 11 үйлдвэрлэгчид 205 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгов. Сан 79 байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллажээ.
Сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж байгаа томоохон төсөл хөтөлбөрөөс дурдвал:

-Даланзадгад хотод хоёр цэцэрлэг
-Манлай, Ханбогд сумын уурын зуух, дулааны цогцолбор
-Ханбогд сумын сум дундын малын эрүүл мэндийн төв
-Шар цав, Хүрдэт агуйн соёлын өвийг хамгаалах хөтөлбөр
-Ханбогд сумын цэвэр ус хангамжийн цогцолбор
-Ханбогд сумын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор
-Баян-Овоо сумын хүн эмнэлэг зэрэг болно.

Тус сангаас 2018 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр 76, түүнд зарцуулах санхүүжилт 37 тэрбум төгрөг болж өснө.

“Оюу толгой”-гоор овоглосон “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн үйл ажиллагаа ийнхүү түмний сонорт хүрч, тэдний талархлыг зүй ёсоор хүлээж байна. Энэхүү сангийн үйл ажиллагааг чадварлаг зохион байгуулж байгаа Гүйцэтгэх захирал С. Эрдэнэбат болон түүний хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсье

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.