Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

Гэгээн замд хөтлөгч

Ёндонгийн Лхамааг нүүр бардам ингэж нэрлэж болно. Тэрээр “Оюу толгой” компанийн Сургалтын хэлтэст гурав дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд “Оюу толгой” компанийн тэтгэлгээр 200-гаад монгол залууг гадаад, дотоодын их, дээд сургуульд сургах буянт үйлсийг гардан зохион байгуулсан юм. Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнууд төдийгүй тэдний аав ээж, ах дүү, хамаатан садныхан ийм буянтай үйлсийг санаачлан сэдэж, ажил хэрэг болгон хэрэгжүүлж буй “Оюу толгой” компанийнханд баярлаж талархсан сэтгэгдлээ харамгүй илэрхийлдэг билээ. Манай Лхамаа ч ийм талархлыг зүй ёсоор хуваалцах эрхтэй.

Ё.Лхамаа Улаанбаатар хотын унаган охин. Аав нь армид насаараа алба хааж, хөх төмрийг уяраан ширээх гагнуурчнаар, ээж нь худалдааны байгууллагад олон жил нягтлан бодогчоор ажиллажээ. Долоон охинтой айлын дундах нь. Нийслэлийн 40 дүгээр дунд сургуулийг, дараа нь МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургууль болон Монгол хэл судлалын анги, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн магистрантурыг улаан дипломтой төгссөн нь түүний хэчнээн хичээнгүй мундаг бүсгүй болохыг бэлхнээ илтгэх буй за. Аравдугаар ангид байхдаа монгол хэлний улсын олимпиадаас хүрэл медаль хүртэж, МУИС-д суралцах урилга гардсан азтай охин. Их сургуульд дөрвөн ч тэтгэлэг хүртэж, дөрвөн жил сургалтын төлбөр гэж толгойгоо өвтгөөгүй аз нь шовойсон бүсгүй дээ. Эхлээд олимпиадад байр эзэлсэн гэж Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг хүртэж, нэгдүгээр дамжаандаа МУИС-ийн шилдэг 20 оюутны нэгээр тодорч, Японы “Хасабэ” сангийн тэтгэлэг гардаж байв. Гуравдугаар ангидаа Японы Засгийн газрын тэтгэлэг хүртэж, Токиогийн Гадаад судлалын их сургуульд нэг жил сураад амжив. арлын орноос ирүүтээ МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийн англи хэлний оройн ангид элсэн оржээ.

Сургуулиа онцсайн дүнтэй төгссөн ч сэтгэлд таарах ажил амар олдсонгүй. Эхлээд ШУТИС-д, дараа нь Цагдаагийн академид 5-6 жил англи хэлний багшаар ажиллажээ. Бас болоогүй ээ, цагдаагийн ахлах дэслэгч цолтой гэж байгаа. Багшилж байсан хэдий ч англи хэлний мэдлэгээ сайжруулахыг ихэд хичээх болов. Нялх хүүгээ хараад гэртээ байхдаа шөнө дүл болтол сууна, үүрээр босч үзнэ. Австралид докторантурт сурахаар бэлтгэсэн ч мөрөөдлөө биелүүлж чадсангүй. Гэвч тэр шантарсангүй. Хичээсээр чармайсаар АНУ-д суралцах Хюбэрт Хамфри хэмээх нэр хүндтэй тэтгэлэгт тэнцсэн байна. “Удаан хүлээсний эцэст АНУ-ын ЭСЯ-наас ирүүлсэн шалгаруулалтад тэнцсэн тухай мэйлийг уншихад гар минь чичирч байсан шүү. Өмнө нь авч байсан тэтгэлгүүдээс хамгийн том нь байсан болохоор сэтгэл үнэхээр их хөдөлсөн. Надаас маш их хүч чармайлт шаардсан тэтгэлэг байлаа” гэж Ё.Лхамаа одоо дурсч байна. Ийнхүү Ориганы их сургуульд академик англи хэл үзээд Бостоны их сургуульд нэг жил сурсан байна. Тэнд суралцсан олон орны оюутнуудаас хамгийн залуу нь байж, маш ихийг сурсан гэнэ.

Ё.Лхамаа нөхөр, гурван хүүхдийнхээ хамт амьдардаг. Нөхөр нь Ус сувгийн удирдах газарт инженер, хоёр том хүүхэд нь бага ангид сурдаг бол бага нь дөнгөж долоохон сартай. Ё.Лхамаа “Оюу толгой” компанид ажилд орохоор дөрвөн ч удаа өргөдөл өгсний эцэст 2012 оны дөрөвдүгээр сард энэ компанийн босгоор алхаж, ажилтан нь болсон дурсамжтай. “Миний ажил бол хүнд тус болдог, гадаад, дотоодын их, дээд сургуульд залуусыг үдэж мордуулдаг буянтай ажил, тэгэхээр би их азтай хүн шүү. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Хэрвээ хүн өөртөө өндөр шаардлага, эрхэм зорилго тавиад хичээвэл оргилд хүрч болдог юм билээ. Нэг боломж хаагдаж байхад нөгөө нь нээгдэж байдгийг би сайтар мэдэрсээн” гэж тэр ярьж байна. “Би ном унших дуртай. Нэг ч өдөр юм уншихгүй байж чаддаггүй юм. Англи хэлээр уншиж хэлний мэдлэгээ байнга дээшлүүлнэ. Залуус минь өдөр бүр англиар сонсч, уншиж бай. Хамт ажиллаж байгаа гадаадынхнаасаа ихийг сурахыг хичээ, бидэнд ийм сайхан боломж байна, үүнийг сайн ашиглаарай. Англи хэл сурахад унших-бичих, ярих-сонсох гэсэн дөрвөн чадварыг хосоор нь сайтар эзэмших учиртай. Уншаад байвал бичих чадвар, сонсохын хэрээр ярих чадвар сайжирдаг. Дан дүрэм үзэж, үг цээжлээд ахиц гардаггүй. Хэл чинь харилцааны хэрэгсэл шүү дээ”.

Хичээснийхээ хэрээр амжилтад хүрч, ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр төсөөлсөн ийм нэгэн ажилсаг бүсгүй бидэнтэй хамт ажиллаж байна.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.