Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

Гүний уурхайн бүтээн байгуулалтад мэргэшсэн олон улсын түншлэлтэй монгол компани

Монгол Улс, Улаанбаатар хот,

“Даян Контракт Майнинг” ХХК нь 2015 онд албан ёсоор үүсгэн байгуулагдсан хэдий ч Монгол Улсад олон жил үйл ажиллагаа эрхэлсэн салбартаа тэргүүлэх туршлагатай “Рэдпаф Монгол” ХХК болон “Хасу Мегаватт” ХХК-ийн нэгдэл болсон үндэсний аж ахуйн нэгж юм. 2016 онд “Оюу толгой” компанитай гүний уурхайн бүтээн байгуулалтын томоохон гэрээ байгуулсан бөгөөд одоогийн байдлаар Оюу толгойн уурхайн цогцолбор дээр 1,359 ажилчинтайгаар хэвтээ малталт, нэвтрэлт, тоноглол төхөөрөмж суурилуулах болон босоо амны туслах үйлчилгээний ажил, тээвэрлэлт зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна.

“Хасу Мегаватт” ХХК нь Монгол Улсын эрчим хүч, уул уурхай болон барилгын салбарт арвин туршлагатай бөгөөд 2006 оноос хойш “Оюу толгой”-той хамтран ажиллаж, Оюу толгойн уурхайн чухал байгууламжуудын нэг Дулааны станцыг олон улсын стандартын түвшинд 2013 оноос хойш ажиллуулан, өндөр түвшний үйлчилгээ үзүүлж байгаа билээ.

Харин “Рэдпаф Монгол” ХХК нь Канадын уул уурхайн салбарт 50 гаруй жилийн арвин түүхтэй уурхайн гэрээлэгч Рэдпаф группт харьяалагддаг. Тэдний 6,000 гаруй ажилтан нь дэлхий даяар тархан байрлаж, гүний уурхайн бүтээн байгуулалт, босоо амын нэвтрэлт, чиглүүлэх өрөмдлөг, өгсөх өрөмдлөг, хэвтээ малталт, инженерийн болон техникийн үйлчилгээ зэрэг олон төрлийн мэргэжлийн үйлчилгээг цогцоор хүргэдэг. Олон улсад ажилласан туршлагынхаа хүрээнд Рэдпаф нь удирдан чиглүүлэх ур чадвар, тухайн бүс нутагт суурилсан ажлын туршлага болон байгууллагын соёлыг хөгжүүлэн хэвшүүлэх өргөн хэмжээний туршлагыг хуримтлуулсан байдаг.

“Аюулгүй ажиллагаа ажлын эхэнд, төгсгөлд, байнга” гэсэн урианы дор “Даян Контракт Майнинг” нь” Рэдпаф Монгол” болон “Хасу Мегаватт” компанийн тус тусын соёл болон туршлагыг өөртөө шингээж нөөц бололцоогоо дайчлан, гүний уурхайн бүтээн байгуулалтад мэргэшсэн аж ахуйн байгууллагыг хөгжүүлж байна. Ингэснээр тэд олон улсад туршлагатай түншлэл дээр тулгуурлан, дэлхийн жишигт нийцсэн стандарт, ур чадварыг дотооддоо бүтээж урт хугацааны үр өгөөжийг Монгол Улсад бий болгохоор ажиллаж байна.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.