Хэвлэл мэдээлэл

Гүний уурхай дахь миний ажлын нэг өдөр


Амгалангийн Энхболд Оюу толгойн гүний уурхайд ажиллаж буй олон зуун чадварлаг залуусын нэг юм. Тэрээр 2016 оны 7-р сараас Оюу толгойн гүний уурхайн “Чухал барилга байгууламж” -ийг хариуцаж буй М Си Эс Проперти төслийн багт шат угсрагчаар ажиллаж эхэлжээ. Түүний ажил гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай барилгын шатыг аюул осолгүй, найдвартай, бат бэх угсарч, хамт ажилладаг найз нөхөд, багийн гишүүдийнхээ амь нас, эрүүл мэнд, гэр бүлдээ эрүүл саруул буцаж очих орчин нөхцөлийг бүрдүүлдэг ихээхэн хариуцлагатай ажээ.

Бид А.Энхболдтой холбогдож, 1300 метрийн гүнд өнгөрүүлдэг ажлын нэг өдрийнхөө тухай сэтгэгдлээ хуваалцахыг хүссэн юм.

Та өглөөг яаж эхлүүлдэг вэ?
Ажилдаа бэлэн байхын тулд өглөө 5 цаг 30 минутад босдог. Хувийн бэлтгэлээ базааж, 5 цаг 40 минут гэхэд хооллохоор автобусаар явдаг. Өдөр гүнд боолтын хоол иддэг болохоор өглөөний хоолондоо орохдоо боолтын хоолоо аваад ажил руугаа явдаг. Өглөөний хурал эхлэхээс өмнө хувцсаа солиод амь хамгаалах баг, малгайн гэрэл болон бусад хувийн хамгаалах хэрэгслээ өмссөн байх ёстой. 6 цаг 30 минут гэхэд гүний уурхай руу нэвтрэхээр нэгдүгээр босоо аман дээр оччихсон байдаг.
Гүний уурхай руу нэвтрэхээс өмнө ямар бэлтгэл хийдэг вэ?
Өглөө 7 цагаас ажил эхлэхийн өмнөх хурал болдог. Уг хурлаар бусад ажилчдад тохиолдсон, ажиглагдсан ямар аюул, эрсдэл газрын гүнд байна вэ, үүнийг хэрхэн аюулгүй болгох талаар хэлэлцэж, уурхайд болж байгаа бусад үйл явдлын талаар мэдээлэл авдаг. Мөн өчигдөр хийсэн ажил болон өнөөдөр хийх ажлын төлөвлөгөөгөө сонсдог.

Ажил эхлэхийн өмнөх хурал дуусаад 8 цаг 30 минут гэхэд ажилчид гүний уурхайд орчихсон байдаг. Ажилд гарахын өмнө шат угсралтынхан багаараа цуглаад өнөөдөр хийх ажлынхаа зааварчилгааг авдаг. Үүний дараа шаардлагатай бичиг баримт, ажлын зөвшөөрлөө авч 9 цаг гэхэд ажилдаа гардаг даа.
Өдрийн хоолноос ажил тарах хүртлээ та юун дээр төвлөрч ажилладаг вэ?
Газрын гүнд бүх хүн зэрэг хооллох боломж байдаггүй. Бичил цахилгаан зуухны хүртээмж, хоолны заалны багтаамжаас болдог. Тиймээс манай шат угсралтын багийнхан 12 цагаас 1 цагийн хооронд өдрийн хоолоо идээд буцаад ажилдаа гардаг.

Өдрийн хоолны дараа дараа оройн 5 цаг хүртэл шатаа угсардаг. 6 цагаас эхлээд хөнөгөөр гадарга руу гардаг учир нэг цагийн өмнө хийж буй ажлаа цэгцлээд шөнийн ээлжинд хүлээлгэн өгөхөд бэлтгэнэ. Ажлын талбайн эмх цэгцээ хангахаас эхлээд багаж, тоног төхөөрөмжөө хүлээлгэн өгөх, угсарч байгаа шатаа аюулгүй байрлуулах зэрэг ажил хийдэг. Ингээд л тухайн өдрийнхөө ажлыг аюул осолгүй хийж дуусгадаг даа.


Ажил тарсны дараа чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Уурхайд чөлөөт цагаа өнгөрүүлэх кино театр, заал, уушийн газар, бялдаржуулах төв байдаг. Оройн хоолны дараа тухайн өдөр юу хиймээр санагдаж байна, түүнийгээ л хийдэг. Зарим өдөр кино үзнэ, заримдаа заал юм уу фитнест орно, хааяа ажлынхантайгаа уушийн газар орж юм ярьж сууна гээд л. Энд сардаа гурван монгол кино ээлжилж гардаг. Би ер нь кино үзэх их дуртай. Ямар ч байсан сардаа гурван кино үзчихдэг.
Гүний уурхайд шат угсрах чиглэлээр ажиллах сонирхолтой оюутан залууст хандаж зөвлөгөө өгнө үү?
Залуучууд маань ямар ч ажил мэргэжлээр сурч байсан эзэмшиж байгаа мэргэжилдээ дур сонирхолтой, хийж бүтээе гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй байгаарай. Ирээдүйд монгол залуучууд маань олон улсын төсөл хөтөлбөрүүд дээр гадаадын чадварлаг мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах байх. Тэр үед хоорондоо чөлөөтэй ойлголцож гаднын ажиллах хүчний мэдлэг, ур чадвараас суралцахад гадаад хэлний мэдлэг их чухал байдаг юм байна. Тиймээс миний мэргэжлээр сурч байгаа дүү нар маань мэргэжлийн ур чадвартаа суралцахаас гадна гадаад хэлний мэдлэгтээ анхаараарай гэж зөвлөе.

Ийнхүү газрын гүнд 1300 метрт ажиллаж буй шат угсрагч А.Энхболдын ажлын нэг өдөр өндөрлөлөө. Тэрээр өмнө нь олон улсын ийм томоохон төсөл дээр ажиллаж үзээгүй, анх уурхайд ирэхэд бүх зүйлс нь сонин, содон санагдаж, мэдэхгүй чадахгүй зүйл их гарч ирж байсан тухай дурсаад бүх зүйлийг илүү өргөн хүрээнд харж бүтээдэг болоход тусалсан М Си Эс Проперти төслийн багийнхандаа болон нийт Оюу толгойн хамт олондоо талархлаа илэрхийлсэн юм.