Хэвлэл мэдээлэл
Ярилцлага

Г. Батбаатар: "1,000 гаруй ханган нийлүүлэгчийн ард 35 мянга орчим иргэн байдаг"

“Оюу толгой” ХХК-ийн Бизнесийн хөгжлийн ахлах мэргэжилтэн Г. Батбаатартай ярилцлаа.

Ярилцлагаа тоо баримтаар эхэлмээр санагдлаа. Өнөөдөр "Оюу толгой" компанид хичнээн компани, байгууллага ханган нийлүүлэлт хийж байна вэ?

Энэ оны 11 сарын байдлаар нийт 1,000 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж байна. Бид ханган нийлүүлэгчдийн мэдээллийн нэгдсэн сантай. Энэ сангийн мэдээллээс үзэхэд "Оюу толгой" компанийн Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг ханган нийлүүлэгчдийн ард нийтдээ 35 мянга орчим ажилтан буюу иргэн байдаг.

Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгч хэд байгаа вэ. Яагаад гэвэл "Оюу толгой" компани Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг?

Бид өнөөдөр Өмнөговь аймгийн 200 гаруй компанитай хамтран ажиллаж байна. Энэ тоо 2010 онд арав, хориор тоологддог байлаа. Өмнөговь аймгийн компаниудыг чадавхжуулах, төрөлжүүлэх, шинээр бизнес бий болгох зэрэг олон талт ажлыг 2010 оноос тусгайлсан бодлогын дагуу хэрэгжүүлсэн ирсэн. Тухайлбал, аюулгүй ажиллагааны сургалт, бизнесийн удирдлагын болон чадварын сургалт явуулж, тусгайлсан чадавхжуулах хөтөлбөрүүдэд хамруулж, төлбөрийн харьцангуй хөнгөлөлттэй нөхцөлүүд үзүүлдэг. Үр дүн ч гарсан байгаа. 2010 онд Өмнөговиос 500 мянган ам.долларын худалдан авалт хийж байсан бол 2013 онд 9.1 сая ам.доллар болж өссөн. Энэ тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Уул уурхайн бизнес найдвартай, чанартай, зардал багатай ханган нийлүүлэлтийн сүлжээтэй байснаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулдаг. Тиймээс удаан хугацаанд байнга хэрэглэх бараа бүтээгдэхүүнийг аль болох ойрхон хадгалуулах, үйлчилгээний чадварыг ойрхон болгохоор ажиллаж байна. Ингэснээр үйл ажиллагааны болон бусад зардлуудыг бууруулж компанид ашигтай, найдвартай сүлжээ бий болгож байгаа юм. Өмнөговь аймагт бизнес хөгжүүлэх нь "Оюу толгой" компанид ч, орон нутагт ч ашигтай.

Өмнөговийн ханган нийлүүлэгчдийн хөгжлийн жишээг ярьж болох уу?

Нэг амжилтын тухай ярья л даа. Өмнөговийн "Тээврийн нэгдэл" компани байна. Олон бизнес, аж ахуйн нэгжүүдийн хамтарсан компани. Өмнөговийн "Тээврийн нэгдэл"-ийнхэн Оюу толгойн баяжмалын экспортын тээвэрлэлтийн үйлчилгээг энэ оны эхнээс нэг цуваатай эхэлж байсан бол үйлчилгээгээ сайн гүйцэтгэсний үр дүнд саяхан 17 машинтай хоёр дахь цуваагаа эхлүүллээ. Шинэ цуваагаа нэмэхийн тулд багагүй хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Энэ бол Өмнөговийн компаниуд нарийн төвөгтэй, хариуцлагатай ажил үйлчилгээ үзүүлж, хөгжин дэвжсэний жишээ. Тэдний гол онцлог бол амжилттай хамтран ажиллаж байгаад оршино.

Өнөөдрийн байдлаар "Оюу толгой" компани ханган нийлүүлэгчдээс хичнээн төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдаж аваад байна вэ?

Энэ оны 10 дугаар сарын 31-ний байдлаар нийт 481.1 сая ам долларын худалдан авалт хийгээд байна. Монгол төгрөгөөр 890 гаруй тэрбум төгрөг. Нийт дүнгийн 76 хувь буюу 676 тэрбум төгрөгийг Монгол улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжүүдэд зарцуулсан байгаа.

Үүнийг арай нарийвчилж болох уу. Тухайлбал үндэсний ханган нийлүүлэгчдэд, бүр нарийвчилбал Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдээс хичнээн төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдаж авсан бэ?

Үндэсний компаниудаас нийт худалдан авалтынхаа 50 хувь буюу 240 сая ам.долларын бүтээгдэхүүн, үйлчилгээ аваад байна. Үндэсний гэдэг нь Монгол иргэн, аж ахуйн нэгж тухайн компанийн 50-иас дээш хувийг эзэмшдэг гэсэн үг. Харин Өмнөговиос 10 сая ам.доллар буюу 18,5 тэрбум төгрөгийн худалдан авалт хийгээд байна.

Маш их мөнгөний тоо байна. Тэгвэл ханган нийлүүлэгч компаниудын өсөлт, хөгжилт ямар байна вэ. Шинэ технологи нэвтрүүлж, ажлын байр гаргаж, үйл ажиллагааны чиглэлээ нэмэгдүүлж байна уу?

Тэгэлгүй яахав. Дэлхийд тэргүүлэх уул уурхайн компанитай ажиллахаар дагаж ихийг сурдаг юм байна гэж олон ханган нийлүүлэгч хэлдэг. Юуны өмнө аюулгүй ажиллагаа гэж ямар чухал зүйл болохыг ойлгож, хэрхэн сайжруулах, аливаа ослоос хэрхэн сэргийлэх тал дээрээ анхаарч эхэлсэн. Бас бизнесийн удирдлага, санхүүгийн тооцоо, урсгал, хүний нөөц гээд олон зүйл дээрээ сайжирч байгаа. Манай зүгээс "Гэрээ хэрэгжүүлэх чадварын үнэлгээ тодорхойлох" хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж, тухайн компанийн сайжруулах шаардлагатай зүйлүүдийг илрүүлэх, арилгах, сайжруулах төлөвлөгөө гаргуулж ажиллаж байгаа. Энэ жил 100 гаруй компанид энэ үйлчилгээг хэрэгжүүлсэн. Олон компани чадавхжин, бэхжиж байгааг эндээс харж болно. Үүнээс гадна ажилчдын тоо нэмэгдэж, ялангуяа аюулгүй ажиллагааны ажилтны шинэ орон тоо гаргаж, бүтэцдээ оруулсан нь чухал үр дүн.

Таны ярианаас өнөөдрийн эдийн засгийн хямрал Оюу толгой компанийн ханган нийлүүлэгчдэд нөлөөлөөгүй, үйл ажиллагаа нь тогтвортой, бүр өсөлт хөгжилт явагдаж байгаа гэж ойлголоо?

Оюу толгой уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Ханган нийлүүлэгчид маань бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тогтвортой нийлүүлж, бид тэдэнтэй гэрээгээр тохирсон төлбөрийн нөхцөлөө чанд баримталж, хугацаанд нь шилжүүлдэг.

Олон компани Оюу толгойн ханган нийлүүлэгч болох хүсэлтэй байдаг. Тэдэнд юу гэж зөвлөх вэ?

Бид долоо хоногт дунджаар 4-6 тендер зарладаг

Өмнө дурдсан мэдээллийн санд бүртгүүлэх шаардлагатай. Үүний тулд www.ot.mn цахим хуудас руу хандахад болно. Энэ процесс нээлттэй. Компанийнхаа тухай, нийлүүлэх боломжтой бараа, бүтээгдэхүүний зэрэг мэдээллийг оруулахад 20 минут л болно. Мэдээллээ бүрэн, үнэн зөв бүртгүүлээрэй гэж хэлмээр байна. Манай цахим хуудаснаас нээлттэй тендерүүдийн зар мэдээлэлтэй танилцаж, оролцох боломжтой. Бид долоо хоногт дунджаар 4-6 тендер зарладаг. Бизнес эрхлэгчид эхлээд сандаа бүртгүүлээд дараа нь нээлттэй тендерийн заруудтай өдөр бүр танилцаж, хэрэв таны эрхэлдэг бизнес үйлчилгээ, борлуулдаг бараа бүтээгдэхүүнийг худалдан авах тендер байвал зарын дэлгэрэнгүй мэдээллийн дагуу материалаа бүрдүүлж, шууд оролцох боломжтой.

Ханган нийлүүлэгчдэд ямар ерөнхий шаардлага тавьдаг вэ. Магадгүй ханган нийлүүлэгч болох гэж байгаа компаниуд манайх ийм шаардлага хангах ёстой юм байна гэж мэдэж авах байх?

Мэдээж тухайн үйлчилгээг үзүүлэх чадавхитай, эсвэл бараа бүтээгдэхүүн нь шаардлага хангасан байх нь чухал. Үүнээс гадна нийлүүлэгч нь эрүүл мэнд аюулгүй ажиллагаа, байгаль орчны болон чанарын баталгаажуулалтын зохих шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулдаг, шударга өрсөлдөөн, бизнесийн ёс зүйг дэмждэг, зохих хууль дүрмийг дагаж мөрддөг, авилга өгөх, авахыг хориглох тухай бидний бодлогуудыг мөн баримталдаг байх зэрэг ерөнхий шаардлагууд бий. Эдгээр бодлогууд манай цахим хуудас дээр нээлттэй байгаа.

Хүмүүс тендерийн материалаа бүрдүүлэхээс өмнө тэнд ямар таньж мэддэг хүн байгаа билээ гэж бодож, сурагладаг. Оюу толгойн тендер шударга явагддаг уу. Та шударга явагддаг гэдгийг юугаар батлах вэ?

Захиалагч үйлдвэрийн хэлтэс, хангамж, аюулгүй ажиллагаа, санхүү зэрэг хэлтсүүдийг төлөөлсөн ажилтан, удирдлагуудаас бүрдсэн баг аливаа ханган нийлүүлэх саналуудыг хэлэлцэж, шат дараалсан удирдлагуудын зөвшөөрлөөр шийдвэр гаргадаг. Бид үйл ажиллагаагаа аюулгүй, үр ашигтай, найдвартай, тасралтгүй, бизнесийн ёс зүйтэй явуулахын тулд мөн адил хамгийн аюулгүй, найдвартай, үр ашигтай, бизнесийн ёс зүйтэй ханган нийлүүлэлтийг сонгож ажиллахыг эрмэлздэг. Тэгэхээр бидэнтэй хамтран ажиллаж байгаа, ажиллахыг хүсч байгаа ханган нийлүүлэгчдээсээ ёс зүйтэй, шударга, хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байхыг нэн тэргүүнд шаардана. Таны асуулттай уялдуулаад хэлэхэд тендерт оролцогч компани таньдаг хүн асууж сураглаж, ёс зүйгүй, хууль бус харилцааг санаархаж байгаа бол "Оюу толгой" компани түүнтэй хамтран ажиллахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй байх.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.