Хэвлэл мэдээлэл
Амжилтын түүх

​​Дэлхийн хамгийн сүүлийн үеийн өрөмдлөгийн тоног төхөөрөмж дээр ажиллаж буй монгол залуус

“Мейжор Дриллинг Монгол ХХК” нь 2002 оноос эхлэн Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд алмазан, чиглэлт, урвуу эргэлтэт, усны болон гүний уурхайн зэрэг олон төрлийн өрөмдлөгийн үйлчилгээг олон улс болоод Монголын уул уурхай, хайгуулын компаниуд тэр дундаа “Оюу толгой”-д үзүүлж байна. Мейжор Дриллинг компанийн үзүүлдэг үйлчилгээний нэг болох урвуу эргэлтэт өрөмдлөг нь геологийн ямар ч тогтцод хэрэглэх боломжтойн сацуу дээжист өрөмдлөгөөс хямд төсөр технологи юм.

Өрөмдлөгөөр мэргэшсэн тус компани нь арвин туршлагадаа тулгуурлан аюулгүй ажиллагааг эрхэмлэж, сүүлийн үеийн өрмийн машин техникүүдийг ашиглан “Оюу толгой”-д ажиллаж байна. Мейжор дриллинг, “Оюу толгой”-н Гүний уурхайн геотехникийн багууд хамтран “Чичирхийлэл хэмжилтийн өрөмдлөг” хөтөлбөрийг санаачилсан бөгөөд 2017 оны 8 дугаар сард “Оюу толгой” компанийн “ХАМТДАА” - Амжилт сайшаах хөтөлбөрийн өсөлт гэсэн төрөлд эхний хагас жилийн ялагчаар шалгараад байна. Чичирхийлэл хэмжилтийн өрөмдлөгийн технологийг нэвтрүүлэх нь агуйлан олборлолтыг амжилттай явуулахад маш чухал үүрэгтэй байдаг. Нөгөө талаар олборлолтын явцад тогтмол хяналт тавьснаар гүний уурхайн олборлолтын үйл ажиллагааг аюулгүй, үр ашигтай явуулна гэсэн үг. Энэхүү технологи Монголд өмнө нь ашиглагдаж байгаагүй бөгөөд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи гэж хэлж болох юм.

Аюулгүй ажиллагаа нь Мэйжор Дриллинг компанийн үнэт зүйл болсон зүйл юм. Манай компани нь дэлхийн хамгийн том өрөмдлөг, уурхайн үйлчилгээний компаниудын нэг болох Мэйжор Дриллинг Групп Интернэшнл Инкийн салбар компанийн хувьд Тэйк-5 буюу Хувь хүний эрсдлийн үнэлгээний хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тухайлбал, ээлж гарах бүрт Тэйк-5 аюулгүй ажиллагааны хурлыг тогтмол зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл ээлж бүрийг үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө аюулгүй байдлаар төлөвлөж, учирч болох эрсдлийг тодорхойлдгийн хажуугаар гишүүн бүр нарийвчлан харилцан ярилцдаг.

Мөн түүнчлэн Мэйжор Дриллинг компани аюулгүй ажиллагаа, техникийн сургалтыг тогтмол зохион байгуулж дотоодын ажиллах хүчний чадавхийг хөгжүүлэхэд онцгой анхаарсаар ирсэн юм. Одоогоор манай бүх ажиллах хүчний 95%-ийг Монгол ажилчид бүрдүүлж байгаа бөгөөд ахлах тушаалын монгол ажилчдын тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна.


“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.