Орон нутаг

Малчдын амьжиргааг дэмжих хөтөлбөр

“Оюу толгой” компани уламжлалт бэлчээрийн мал аж ахуй, нүүдлийн ахуйн хэв шинжийг уул уурхайн үйлдвэрлэлийн нөлөөллөөс үл хамааран оршин тогтнох нөхцлийг бүрдүүлэх, орон нутгийн малчид, иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор 2011 оноос энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Тус хөтөлбөр нь төр засгийн бодлого, сумуудын Засаг даргын Тамгын газар (ЗДТГ), мэргэжлийн байгууллагуудтай нягт уялдаатай ажиллаж, малчдын бүлэг, хоршоодын хамтын ажиллагаа, санал санаачилгыг дэмжин, сургалт зөвлөгөө өгөх, санхүүжүүлэх зэргээр хамтран ажилладаг.

1. Бэлчээрийн чанарын үнэлгээ буюу малчны оролцоотой бэлчээрийн үнэлгээ
Бэлчээрийн зүй зохистой ашиглалт, төлөвлөлтийг бий болгоход малчдын оролцоо, санаачилга нэн чухал. Малчдын бүлэг, хэсгээс гаргасан бэлчээр ашиглалтын төлөвлөгөө хамгийн оновчтой үр дүнтэй байдаг. Иймээс сумдын ЗДТГ-тай хамтран бэлчээрийн малчдын оролцоотой үнэлгээг хийснээр бэлчээрийг хуваарьтай, зүй зохистой ашиглах, хамгаалах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.

2. Уст цэг, бэлчээрийн усан хангамж
Уст цэгийн тоог нэмэгдүүлэх, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах нь говийн бүсийн малчдын хувьд амин чухал асуудлын нэг байдаг. “Оюу толгой” компани хөтөлбөрийн хүрээнд бэлчээрийн болон малчдын усан хангамжийг сайжруулах ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохих журмын дагуу гүйцэтгэж байна. Уст цэгийн тоог нэмэгдүүлэх, усан хангамжийг сайжруулах ажлыг сумын ЗДТГ, малчдын санаачилга, хамтын оролцоонд тулгуурлан гүйцэтгэдэг.

3. Мал аж ахуйн менежмент, малын эрүүл ахуй
Сүүлийн үед мал аж ахуйн салбарт малын ашиг шим буурах, малын гаралтай түүхий эдийн чанар муудах, мал эмнэлгийн үйлчилгээний хүртээмж багасах зэрэг бэрхшээл тулгарч байна. Энэ чиглэлээр төр засгаас явуулж буй “Монгол мал хөтөлбөр”, “Малын эрүүл мэнд хөтөлбөр”-ийн хүрээнд мэргэжлийн байгууллагатай хамтрах, хувийн мал эмнэлгийг дэмжих, сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулна.

4. Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хоршоо
Малчдын орлогыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд малчид үйл ажиллагаагаараа хоршиж ажиллах нь илүү үр дүнтэй юм. Тиймээс малчдад хоршооны талаарх мэдлэг олгох, малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, зах зээлийн чиглэлээр сургалт зөвлөгөө өгөх, туршлага судлах зэрэг ажлыг зохион байгуулна. Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хоршиж ажиллах чиглэлээр малчдаас гарсан аливаа санаачилгыг хөтөлбөрийн хүрээнд дэмжин ажиллах юм.