Хэвлэл мэдээлэл

Манай Удвал эгч

Удвал эгч 2012 оноос Оюу толгойд Ур чадвар, манлайллын хөгжлийн багийн гадаад, дотоодын тэтгэлэг, шинэ төгсөгч хөтөлбөрийг хариуцсан Сургалтын мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн юм. Оюу толгойн тэтгэлгийг Монголын оюутан залуусын хичээж бэлтгэн хамрагдахыг хүсдэг, нэр хүндтэй тэтгэлгийн нэг болгоход хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүн бол яах аргагүй Удвал эгч маань бөгөөд сургалтын хөтөлбөрүүд маань түүнтэй салшгүй холбоотой билээ.



Удвал эгч оюутан залуустай тэтгэлэгт материалаа өгөхөөс нь эхлээд “тулж” ажилладаг хүн. Оюу толгойн гадаад, дотоодын тэтгэлгийн мэдээллийг олон оюутанд, ялангуяа Дархан, Эрдэнэт хотуудад суралцаж байгаа оюутнуудад хүргэх, амжилттай бэлтгэх зөвлөгөө өгөх ажлыг анх санаачилж, хэрэгжүүлж байсан бөгөөд үүний үр дүнд оюутнуудын бэлтгэл эрс сайжирсан байдаг. Тэтгэлэгт тэнцсэн оюутнуудад санхүүгийн тусламж үзүүлээд орхилгүй тэдний хөгжилд анхаарч, багаар ажиллах, бусадтай зөв харилцах, өөрийгөө зөв илэрхийлэх хувь хүний хөгжлийн сургалтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм. Мөн их сургуулиа төгсөж буй оюутнуудад CV-гээ анхаарал татахуйц бичих, ярилцлагад өөрийгөө бэлтгэх талаар сургалт явуулдаг байсан нь олон оюутан төгссөнийхөө дараа ажилд орох боломжийг олгосон юм.
Өнгөрсөн хугацаанд нийт 30 оюутан гадаадын тэтгэлэг, 260 оюутан дотоодын тэтгэлэг, 379 оюутан говийн тэтгэлэг, 346 оюутан дадлагын хөтөлбөр, 114 залуу мэргэжилтэн шинэ төгсөгч хөтөлбөр, 944 оюутан, сурагч залуусын хөгжлийн хөтөлбөрт хамрагдсанаас 96 нь Оюу толгойн ажилтан болж, дэлхийд данстай томоохон уурхайд бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж байна.
Олон зуун залуусыг хөгжүүлэхэд гар бие оролцож, ажил амьдралтай залгахад нь бүхий л сэтгэл зүрхээ зориулан ажилладаг, гэгээн замд хөтлөгч Удвал эгчээрээ бид үргэлж бахархдаг.
Удвал эгч маань энэ 2-р сараас эхлээд “Оюу толгой” компаниас гавьяаныхаа амралтад сууж байгаа юм. Олон зуун залуусыг эрдмийн замд хөтөлж, тэдэнд хөгжих боломжийг бүрдүүлсэн танд нийт оюутан залуусын өмнөөс гүнээ талархаж байгаагаа илэрхийлж байна. Таны цаашдын ажил, амьдралд хамгаас сайн сайхныг хамт олноос нь хүсэн ерөөж байна.