Хэвлэл мэдээлэл

Миний ажлын нэг өдөр - ​Батжаргалын Бат-Очир, Диспечер

Оюу толгойн гүний уурхайн налуу амны төслийн диспечер Б.Бат-Очиртой Та бүхнийг танилцуулж байна. Ажлын гараагаа эхлээд 1 жил болж буй тэрээр уул уурхайн инженерийн ангийн оюутан байхдаа Оюу толгойн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байжээ. Бид түүний ажлын нэг өдөртэй танилцлаа.
• Та өглөөг яаж эхлүүлдэг вэ?

Ихэнх ажилчдын адилаар үүрийн 5 цагт босож бэлтгэлээ хангаад өглөөний цайндаа явдаг. Өглөөний хоолыг тэр өдрийг үр ашигтай эхлүүлэх үндэс гэж боддог учраас аль болох тайван цайгаа уудаг.
7 цагт ажил дээрээ очоод уурхайн циклийн самбараас манай өмнөх ээлж аюулгүй ажиллаж чадсан эсэх, манай ээлж ямар ажил гүйцэтгэх талаар танилцаад ажлаа хүлээж авдаг.
Манай “Тийсс Хишиг Арвин” компанийн хамт олон гүний уурхайгаас хүдэр гадаргууд гаргах туузан дамжуургын налуу амны нэвтрэлтийн ажлыг хийж байна. Нэвтрэлтийн ажлын бүхий л мэдээлэл диспечерээр дамждаг учир ямар тэг зогсолт болон тоног төхөөрөмжийн эвдрэл гарах үед мэдээллийг зохих хүмүүст цаг алдалгүй хүргэж уурхайн циклийн дараагийн ажлууд, тэдгээрийн уялдаа холбоог цаг ямагт зохицуулах замаар уулын мастерт илүү ашигтай төлөвлөгөө гаргахад туслахыг хичээж ажилладаг.
Багийн нэг гишүүн гэдгээ мэдэрч, хамт олноосоо болон хийж буй ажлаасаа урам авч байдаг учраас ээлж дуусаад автобусанд суух үед өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг шүү.

• Ажил тарсны дараа чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Ажил тарсны дараа Оюу толгойн кемп-д чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж харьцангуй өндөр байдаг. Спорт заал тэр дундаа ширээний теннисний заал, аэробикийн заал болон кино театр, хөлбөмбөгийн талбай, номын сан, билльярд, уушийн газар, компьютер тоглоомын газар зэрэг олон газар бий. Миний хувьд бүгдэнгээр нь үйлчлүүлэхээс илүүтэй өөрт тохирсон нэг зүйлд тууштай байж тодорхой үр дүнд хүрэхийг зорьдог. Одоогийн байдлаар англи хэлээ сайжруулахад анхаарахын хажуугаар удахгүй эхлэх хөгжмийн клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож сонирхсон хүмүүст гитар хөгжим тоглож сурахад нь туслах бодолтой байна.


• Ажлын гараа эхэлж байсан үеэ одоогийн үетэй харьцуулж үзвэл? Мэргэжлийн болон хувь хүний хувьд хэр ахиж дэвшсэн гэж боддог вэ?
Одоо миний хийж байгаа ажил миний анхны ажил учраас би оюутан цагийн дурсамжаа хуваалцмаар байна. Анх Оюу толгой төсөлтэй тус компанийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч холбогдож байсан. Тэр үед тэтгэлэг хариуцсан хамт олон шалгарч орж ирсэн биднийг маш сайн хөгжүүлсэн гэж боддог. Анх тэтгэлэг гэдэг зүйлийг танил талаар л авдаг гэсэн ойлголтыг маань эвдэж бидэнд зүгээр нэг санхүүгийн дэмжлэг өгөөд зогсохгүй хувь хүний хөгжилд минь хүртэл анхаарч “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т хамруулдаг байж билээ. Ажилд орсны дараа Оюу толгойн хамт олны зааж сургасан зүйлс үнэхээр хэрэг болж байгааг хараад үнэхээр гайхалтай санагдсан. Анх ажиллаж эхэлсэн үеэ өнөөдөртэй харьцуулбал эерэг тал руугаа их өөрчлөгдсөнөө анзаарч байна. “Алтны дэргэд гууль шарлана” гэдэг шиг чадварлаг, хүнлэг хамт олонтой ажиллаж байгаа учраас сайн боловсорч байна даа.
• Өөрийн тань мэргэжлийн чиглэлээр сурч буй оюутнуудад зөвлөгөө өгөөч гэвэл та ямар зөвлөгөө өгөх вэ?
Би хэдийгээр хүнд зөвлөгөө өгөх хэмжээнд очоогүй ч хүн чадвар, нөөц бололцоондоо хязгаар тавилгүй хүсч, итгэж л байгаа бол түүндээ зүтгэж, өөрт тулгарсан бэрхшээлийг өөрийгөө харуулах боломж гэж харж чадвал үр дүн заавал гардаг юм шүү гэдгийг хэлмээр байна.