Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Монголчууд цахилгаан хайчаар хонио хяргаж, тэмээгээ ноослох цаг айсуй


Ам бардам ийн хэлэх цаг хаяанд иржээ. "Оюу толгой" компанийн жолооч, Ханбогд нутгийн уугуул Баянмөнхийн Хаш-Эрдэнэ, орон нутгийн харилцааны ажилтан Пандийсамбын Болд хоёр ойрмогхон хонины эх орон Австралид цахилгаан хайчаар хонь хяргах талаар хоёр долоо хоногийн турш номын дуу сонсч, дадлага хийж туршлагажин ганзага дүүрэн олзтой ирэв. Тэд энэ хугацаанд "SCAA" сургалтын төвд цахилгаан хайчаар хонь хяргах онол үзэж, Хамилтон хотын хонины фермд дадлага хийжээ. Үүний дүнд Б.Хаш-Эрдэнэ цахилгаан хайчаар хонь хяргах, П.Болд ноос ангилах хоёрдугаар зэргийн батламж гардсан байна. Ингэснээрээ тэд ийм батламж гардсан анхны монгол хүмүүс болов.

Австралийн хонь хяргалтын багш Рожер Мифсуд өнгөрсөн хавар Монголд ирж, Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Манлай суманд сар шахам байхдаа малчидтай хамтран цахилгаан хайчаар тэмээ ноосолжээ. Тэрээр цахилгаан хайчаар хонь хяргах уралдааны Австралийн аварга юм. Ингэхдээ тэмээг унагасны дараа хойд, урд хөлөөс нь хоёр тийш татаж ноослох аргыг хэрэглэжээ. Австралид лам гөрөөсийг мөн ийм аргаар унагаж байгаад ноосыг нь хяргадаг юм байна. Малчид эхлээд тэр аргыг нэг их сонирхохгүй байсан ч яваандаа Рожерын арга хамгиийн хялбар, тэмээндээ ч зовлон багатай, хал балгүй болохыг сайтар ойлгон дуртайяа хамтрах болжээ. Цахилгаан хайчаар хяргахын ач тус тун их ээ. Юуны өмнө цаг их хэмнэнэ. Тэмээг гар хайчаар буюу монгол аргаар ноослоход наад зах нь нэг цагт амжуулдаг бол цахилгаан хайчаар ердөө 20 минут зарцуулна. Хэдэн тэмээгээ ноослох гэж хаврын хахир цагт бараг бүтэн сарын турш ноцолддог байсан бол цахилгаан хайч ашигласнаар ердөө 4-5-хан өдөр тэр их ажлыг нугалжээ. Ноосны гарц ч үлэмжхэн нэмэгдэх сайн талтай.

Б.Хаш-Эрдэнэ Орон нутгийн харилцааны зөвлөх Брюс Харвитай аян замд явж байхдаа тэмээг цахилгаан хайчаар ноослох санааг анх гаргасан аж. Тэд тэмээг гараар ноослоход ихээхэн хэцүү болох тухай ярилцаж, цахилгаан хайчаар ноослох аргыг туршаад үзвэл ямар вэ гэх шийдэлд хүрсэн байна. Улмаар Брюс түүний саналыг ихэд дэмжиж, Б.Хаш-Эрдэнэд Австралиас цахилгаан хайч авчирч өгчээ. Б.Хаш-Эрдэнэ өнөөхөөр нь тэмээ ноосолж туршиж. Гэтэл яваандаа түүнд цахилгаан хайчныхаа талаар лавламаар тодруулмаар зүйл цөөнгүй гарах болжээ. Адаглаад л хайчаа яаж барих, мохсон самыг нь хэрхэн хурцлах, муудсаныг нь яаж солих гээд. Энэ тухайгаа Брюст хэлбэл, тэрээр Австралийн хонь хяргалтын сургуультай холбоо барьж, учир байдлыг тайлбарлан нэг мэргэжилтнийг Монголд ирүүлж, зааж зөвлөхийг хүссэн байна. Ингээд л Рожер Монголд ирсэн хэрэг. Түүнийг сонгосон нь ч тохиолдлынх байсангүй. Рожер бол Австралид нэн элбэг байдаг лам гөрөөсийг цахилгаан хайчаар хяргаж байсан баялаг туршлагатай нэгэн. Лам гөрөөс монгол тэмээтэй төстэй учраас Рожерыг нааш илгээжээ. Тэрээр Монголд ирээд Б.Хаш-Эрдэнэтэй нягт хамтран ажиллав. Тэмээний ноосонд шороо, элс, өвс, мод зэрэг элдэв хог их байдгаас цахилгаан хайчны сам амархан мохдогийг мэдээд Австралиас уг хайчны ирлэгчийг авчирсан байна. Рожер цахилгаан хайчны учир утгыг Б.Хаш-Эрдэнэд нэгд нэгэнгүй заагаад зогсохгүй тэд хоёулаа Ханбогд сумын малчдаар явж, тэмээ ноосолж, тэднийг дадлагажуулсан байна. Энэ ажил малчдын сонирхлыг ихээхэн татжээ. Ханбогдод болж буй энэ үйл явдлыг дуулсан хөрш зэргэлдээ сумдынхан ч тэдэн рүү утасдаж, өнөөх элдэвтэй багажийг сонирхон ид шидийг нь үзэхийг хүссэн байна.

Ингээд л манай хоёр ажилтан тэмээ ноослох, ноос ангилах талаар олж авсан мэдлэгээ улам бататгахын тулд Австралийг зорьсон нь энэ. Энэ удаагийн сургалт зөвхөн хонь хяргах тухай байж. Сургалтын явцад эхлээд онолын хичээл үзэж, дараа нь танхимд үзсэн онолоо ферм дээр очиж туршин дадлага хийж баталгаажуулжээ. Хонь хяргах гэдэг бүхэл бүтэн шинжлэх ухаан болохыг манай хоёр тэнд очоод л бүрнээ ойлгожээ. Тухайлбал, хяргах гэж буй хонио хаанаас нь барих, яаж хэвтүүлэх, тийчигнэхийг хэрхэн зогсоох, аль хэсгээс нь эхлэн хяргах гэх мэт нарийн арга техникийг сурч авав. "Монгол хонь догшин, австрали хонь номхон гэж хэлж болохгүй. Харин австрали хонины ноос их шигүү, арьс нь үрчлээ ихтэй сул бол монгол хониных ноос нь харьцангуй сийрэг, арьс нь чанга байдаг юм байна. Цахилгаан хайчаа хэрхэн аюулгүй ажиллуулах, самаа яаж ирлэх вэ гэдгийг ч сайтар сурлаа" гэж Б.Хаш-Эрдэнэ ярив. Хонь хяргах ажил тийм ч амаргүй гэнэ. Байнга бөхийж ажилладаг учраас нуруу чилэх энүүхэнд.

"Өглөө 6.30 цагт ажилдаа гараад орой 17 цагт буудаг байлаа. Ачаалал их байсаан. Гэсэн ч зорьсондоо хүрч шинэ мэргэжилтэй болоод ирлээ. Австралид ноос ангилал өндөр түвшинд хөгжжээ. Ноосыг урт богино, бат бэх, уян хатан чанар, өнгө үзэмж гэх мэтээр маш олон янзаар ангилж байна. Шанаа, шилбэ, хэвлийн ноосны эдийн засгийн үнэлэмж нэлээд доогуур байхад их биенийх өндөр үнэлгээтэй байх жишээтэй. Ангилсан ноосоо 80-200 кг-ын шуудайд хийж прессэлнэ. Тэгээд шуудайн дээр нь аль фермээс ямар чанартай ноос илгээж буйг маш тодорхой бичиж, ангилсан ажилтан тамгаа дарж баталгаажуулдаг. Буух эзэн, буцах хаягтай байна гэсэн үг" гэж П.Болд хэлж байна.

Монгол хүн цахилгаан хайчаар хонь хяргах сургалтын ахлагч, "Оюу толгой" компанийн Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтан Б.Амар хэлэхдээ "Сургалтын 90 хувь нь дадлага байсан учраас өгөөж сайтай боллоо. Биднээс гадна бас арав гаруй австрали залуу манайхантай хамт суралцсан. Францаас хүртэл нэг хүн ирсэн байна лээ. Сургалт хэдий богино хугацаатай ч маш амжилттай боллоо. Манай хоёр ажилтан их сайн сурсан. Сурсан мэдсэнээ бусдад дамжуулах туршлага эзэмшлээ. Монгол хүн цахилгаан хайчаар хонь хяргах арга техник эзэмшиж, анх удаа Австралийн нэр хүндтэй сургалтын төвийн батламж гардлаа. Ирэх жил гэхэд энэ ажлынхаа тайланг танилцуулж төслөө цаашид үргэлжлүүлэх бодолтой байна. Энэ нь наанадаж малчдын аж амьдралд тустай, цаашилбал Монгол, Австрали хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд нэмэртэй төсөл. Австралийн Засгийн газар энэ төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд ихээхэн санаа тавьж, зүйл бүрээр тусалсан" гэдгийг онцлон өгүүлж байсан юм. Үнэхээр монголчууд цахилгаан хайчаар хонио хяргаж, тэмээгээ ноослох цаг айсуй.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.