Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

Монголын хамгийн олон тэмээтэй Ханбогд сум тэмээний баяраа ёслон тэмдэглэв

- Тус сумынхан тэмээн сүргээ 1,433 толгойгоор өсгөж, 22,655 тэмээтэй болжээ -


Монголын хамгийн олон тэмээтэй Өмнөговь аймгийн Ханбогд сумынхан тэмээний баяраа 11 дэх удаагаа өнгөрсөн бямба гаригт ёслон тэмдэглэв. Тэмээн хуурын айзам яруу намуухан аялгуун дор жигдэрсэн тэмээн жагсаалаар уг ёслол эхлэв. Баярын үеэр ат, торомны уралдаан, шилмэл буур, ат, ингэ, их сүүтэй ингэ, тэмээтэй сайхан хос шалгаруулах уралдаан, тэмээний сэдэвт АХА тэмцээн, уран сайханчдын урлагийн тоглолт болов. Нэг үгээр тэмээний баяр хөл ихтэй, хөгжөөн дүүрэн болсон юм. Энэ үеэр буур, ингэ, ботгоны гурвалсан толгой бүхий тэмээн хуур, тэнгэрийн амьтан тэмээний бурхан Гүнжинлхам бурхан бүтээснийг олон түмэнд танилцууллаа.

Ханбогд сумын ИТХ-ын дарга Х.Нэхийт жил бүрийн нэгдүгээр сарын 10-ныг тэмээн сүргийн баярын өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэснээ нутгийн зон олондоо дуулгав. Сумын Засаг дарга Т.Буян-Өлзий “манай сум тэмээн сүргээ 1,433 толгойгоор өсгөж, 22,655 тэмээтэй боллоо. Баян багийнхан зургаан жил дараалан 1,000 ботго бойжуулав. Сүүлийн хэдэн жил тэмээний баярыг ивээн тэтгэж байгаа “Оюу толгой” компанийнханд талархлаа илэрхийлье” гэлээ. “Өмнөговь аймгийн ИХТ-ын дарга Л.Батчулуун тэмээний соёл, аж ахуй эрхэлдэг хүмүүсээ дэмжих, “Галбын говийн улаан” тэмээгээ үүлдрийн хэмжээнд өсгөн үржүүлэхийн чухлыг онцлон дурдав. “Оюу толгой” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Айвен Велла хэлэхдээ “өнөөдрийн энэ сайхан өдөр их говийн эзэн тэмээн сүргийг дээдэлсэн онцгой үйл явдал болж байна. Ийм олон тэмээг нэг дор харахад сэтгэл үнэхээр хөдөлж байна. “Оюу толгой” компани орон нутгийн хөгжилд, тухайлбал, тэмээн сүргийг өсгөхөд цаашид ч хувь нэмрээ оруулах болно” гэлээ. Ханбогд сумын Гавилууд багийн малчин Ч.Цэвэгдэлгэр, Баян багийн А.Батмөнх, Номгон багийн С.Иван нар “энэ сайхан наадам бол малчдын нөр их хөдөлмөрийн үр шим, хорвоод ховор хоёр бөхт тэмээгээ өсгөсний баяр юм” хэмээн өгүүлж байлаа.

Жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг энэхүү баяр нь Монголд төдийгүй өмнийн говьд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, хоёр бөхт тэмээ хийгээд түүнийг адуулан малладаг монгол түмний зан заншил, өв соёлыг хойч үеийнхэндээ өвлүүлэх, дэлхий дахинд сурталчлан таниулахад чухал үүрэгтэй билээ. 90 жилийнхээ түүхт ойг өнгөрсөн зун ёслон тэмдэглэсэн Ханбогд сумынхан өсгөлүүн том биетэй, ноосны гарц ихтэй “Галбын говийн улаан” омгийн тэмээ, түүний ашиг шим ингэний хоормог, сүү, цагаан идээ, тэмээний ноос, ноосон бүтээгдэхүүнийг сумынхаа брэнд болгох, тоо толгойг нь тогтвортой өсгөх эрхэм зорилт тавин ажиллаж буй юм.

“Оюу толгой” компани 2010 оноос өмнийн говьд хэрэгжүүлж буй Соёлын өвийн хөтөлбөрийнхөө хүрээнд тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, тэмээний ноосоор “Галбын говь” брэнд бий болгох зорилт тавин ажиллаж байгаа юм.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.