Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

Монгол Улсын жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхижуулах дэвшилтэт хамтарсан хөтөлбөр

2018 оны 5 сарын 17, Улаанбаатар хот – Өнөөдөр “Оюутолгой” ХХК (ОТ) нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Говийн оюу хөгжлийг дэмжих сан (ХДС), Өмнөговь аймгийн Засаг дарга (ӨАЗД) ба Олон улсын санхүүгийн корпорацитай (ОУСК) “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Түүнчлэн Говийн оюу хөгжлийг дэмжих сан (ХДС) ба Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтарсан санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурав.

Талууд хамтдаа Монгол Улсын жижиг дунд бизнес эрхлэгчдийг (ЖДБЭ) чадавхижуулах хөтөлбөрийг боловсруулах хүрээнд хамтран ажиллах юм.
Чадавхижуулах хөтөлбөрийн гол зорилго нь эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, бизнесийн ёс зүй, бизнесийн удирдлага, ханган нийлүүлэлтийн сүлжээний удирдлага зэрэг бизнесийг оновчтой удирдан явуулах ур чадвар олгох сургалтуудыг ЖДБЭ-дэд явуулах юм. Ингэснээр жижиг дунд бизнес эрхлэгчид маань өрсөлдөх чадвараа сайжруулан, үйл ажиллагаагаа илүү тогтвортой явуулах боломжтой болох ба нөгөө талаас дэлхийн түвшний уул уурхай болон бусад бизнесийн салбарын хэрэгцээг хангах чадвартай болж, мөн тэдний санхүүгийн мэдлэг, мэдээлэл, чадавхи сайжрах боломжтой болно.
Монгол Улсын нийт бизнесийн 98 хувь нь жижиг дунд гэсэн ангилалд орж байгаа ч тэд улсын ДНБ-ний зөвхөн 25%-ийг бүрдүүлж байна. Жижиг дунд бизнес эрхлэгчид нь улсын хэмжээний ажил эрхлэлтийн 90 хувийг хангаж байгаа ч өсөх, хөгжихийн тулд олон бэрхшээлтэй тулгардаг. Монгол компаниудын зөвхөн 10 хувь нь банкаар дамжуулан санхүүгийн үйлчилгээ хүртэж байна.
“Оюу толгой” ХХК нь энэхүү дэвшилтэт түншлэлийн хөтөлбөрөөр дамжуулан, түншүүдтэйгээ хамтран Монголын бизнес эрхлэгчид, тэр дундаа Өмнөговь аймгийн бизнес эрхлэгчдийг илүү аюулгүй, тогтвортой, өрсөлдөх чадвартай болгон хөгжүүлэх, чадавхийг нь нэмэгдүүлэхээр ажиллаж, Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байх болно.

Оюу Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес энэхүү төслийн стратегийн ач холбогдлыг: “Бид үндэсний болон орон нутгийн оролцогч талуудтай нягт хамтран ажиллаж, тогтвортой хөгжлийг нэмэгдүүлэхэд урт хугацааны турш хувь нэмэр оруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зорьж байна.” гэв. Ноён Торрес “Бид энэхүү түншлэлийн хүрээнд Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдийн чадавхийг бэхжүүлэх зорилго бүхий олон талт хамтын ажиллагааны хөтөлбөрийн шинэ үеийн эхлэлийг тавьж байна” гэж нэмж хэлсэн юм.
GIZ нь ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны хүсэлтээр өнгөрсөн 25 жилийн хугацаанд олон салбарт хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Монголын бизнес эрхлэгчдийг чадавхижуулах хамтарсан хөтөлбөрийг удирдан явуулах болсондоо баяртай байна. GIZ-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөрийн захирал Штефан Ханзелманн: “GIZ дэлхийн 130 гаруй оронд ЖДБЭ-ийг хөгжүүлэх чиглэлээр ажилласан туршлагатай, Монгол Улстай олон жилийн харилцаа холбоотой, тус улсын эрх ашгийн төлөө ажиллах чин эрмэлзэлтэй байгууллага юм” гэв.
“Энэхүү түншлэлийн хүрээнд уул уурхайн компаниудын хэрэгцээт бараа, үйлчилгээний тухай мэдээллийг орон нутгийн ханган нийлүүлэгч нарт нэгдсэн байдлаар хүргэх боломжийг бүрдүүлэх юм. Ингэснээр нэг талаас ил тод байдал сайжирч, нөгөө талаас хөтөлбөрийн хүрээнд чадавхиа дээшлүүлсэн ЖДБЭ-дэд илүү давуу тал, боломж бий болж, тэдний тогтвортой байдал нэмэгдэнэ” гэж Монгол улсад суугаа ОУСК-ийн суурин төлөөлөгч Туен Нгуен хэлэв. ОУСК нь банк, санхүүгийн салбар, уул уурхайн усны менежмент, ажил эрхлэлт, ЖДБЭ-ийг дэмжих чиглэлээр ихээхэн ажил хийж, Монгол улсын эдийн засгийн хөгжил тэр дундаа Оюу толгойн бүтээн байгуулалтыг тууштай дэмжиж ирсэн. ОУСК нь хувийн хэвшилд хөрөнгө оруулах, хөрөнгө санхүү босгох, Засгийн газар болон бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зөвлөгөө өгөх замаар Монгол улсын эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулсаар байна. Төлөөлөгчийн газраа 1997 онд байгуулснаас хойш олон салбарт хөрөнгө оруулж ажилласан ба энэ нь нийт дүнгээрээ 3 тэрбум гаруй ам.доллар болсон байна.
Өмнөговь аймгийн Засаг дарга бөгөөд Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн Удирдах зөвлөлийн гишүүн Н.Наранбаатар: “Өнөөдрийн энэ арга хэмжээ нь Өмнөговь аймаг болон “Оюу толгой” компанийн тогтвортой хөгжлийн төлөөх эерэг, бүтээлч хамтын ажиллагааны тод илрэл юм. Энэ нь орон нутаг, бүс нутаг болон үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй бүх жижиг дунд бизнесүүдэд зориулсан ховор боломжийг бий болгож байна. Өмнөговь аймгийн урт хугацааны хөгжлийн стратегийн нэг томоохон тэргүүлэх чиглэл нь эдийн засгийн олон тулгуурт байдал болон жижиг дунд бизнесийн хөгжил байдаг. Өнөөдөр ХДС, GIZ, ОУСК, ОТ гэх мэт томоохон байгууллагуудыг оролцуулсан олон талт түншлэлийг бий болгож, тэдгээрийн хүчин чармайлт, туршлага болон хөрөнгө оруулалтыг ЖДҮ-ийн хөгжлийн салбарт нэгтгэж чадлаа. Бид эдийн засгийн өсөлт болон эдийн засгийн олон тулгуурт байдалд энэ түншлэлийн гэрээгээр дамжуулан бат бөх суурийг тавилаа.”

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.