Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

​МЭДЭГДЭЛ

Сүүлийн үед цахим орчинд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Оюу толгой” ХХК-ийн нэр хүндэд халдсан гүтгэлгийн шинжтэй худал, буруу ташаа мэдээлэл удаа дараа гарч байгаа тул энэхүү мэдэгдлээр няцаалт өгч байна.

  • “Оюу толгойн уурхайн үйл ажиллагаа дууссаны дараа тухайн газарт цөмийн хаягдал булах эсвэл цөмийн цахилгаан станц барих, мөн Өмнөд Африкийн банкинд Оюу толгойн лицензийг 100% шилжүүлсэн, энэ тухай мэдээллүүдийг тус компанийн хариуцлагатай албан тушаалтнуудаас авсан” зэргээр мэдээлэл цацагдаж буй нь огт үндэслэлгүй, худал мэдээлэл юм.
  • Бид компанийн үйл ажиллагааны талаарх мэдээллүүдийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлдэг бөгөөд “Оюу толгой” ХХК-тай холбоотой бүх гэрээ, хэлэлцээр, мэдээлэл манай www.ot.mn цахим хуудас болон Facebook хуудсанд нээлттэй байдаг. Оюу толгойн уурхайн хаалтын урьдчилсан төлөвлөгөөг Монгол Улсын болон олон улсын стандартын дагуу боловсруулсан бөгөөд тус төлөвлөгөөг “Оюу толгой” ХХК-ийн цахим хуудсанд нээлттэй байршуулсан. Энэхүү хаалтын төлөвлөгөөнд цөмийн хаягдал булах, цөмийн станц барих талаар огт тусгагдаагүй тул дээрх ташаа мэдээллийг албан ёсоор няцааж байна. Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг эрх бүхий байгууллагууд зохих хууль, журмын дагуу хяналт тавьж байдаг. Түүнчлэн “Оюу толгой” ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгогдсон тусгай зөвшөөрлийн эзэмшигч хэвээр байгаа бөгөөд Өмнөд Африкийн банкинд Оюу толгойн лицензийг 100% шилжүүлсэн гэх мэдээлэл нь огт үндэслэлгүй, худал мэдээлэл юм.
  • Монгол Улсын Их Хурлын даргын 57 дугаар захирамжаар байгуулагдсан Оюу толгойн “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг, түүний дэд ажлын хэсгүүдийн ажилд “Оюу толгой” компани хөндлөнгөөс оролцох эрхгүй, оролцдоггүй болно. “Оюу толгой” компани нь УИХ-ын ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүдээс шаардсан баримт бичиг, мэдээллийг цаг тухай бүрт гарган өгч, хамтран ажиллаж байна. Түүнчлэн шалгалтын ажлын хүрээнд ажлын хэсэг болон дэд ажлын хэсгийн гишүүд Оюу толгойн уурхайн талбайд зочилж, үйл ажиллагаатай танилцсан бөгөөд “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч Б.Жагар нь дэд ажлын хэсгийн гишүүний хувиар очиж танилцсан билээ. Иймд Б.Жагарыг ажлын хэсгийн үйл ажиллагаанд оролцуулахгүй байх талаар арга хэмжээ авсан гэдэг нь буруу ташаа мэдээлэл юм.
  • Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 44 дүгээр тогтоолын дагуу “Оюу толгой” ХХК-ийн баяжуулах үйлдвэрээс экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнд хөндлөнгийн хяналт тавих лабораторийн шинжилгээг “Геологийн төв лаборатори” төрийн өмчит үйлдвэрийн газраар гүйцэтгүүлж байхаар шийдвэрлэсэн тул “Оюу толгой” ХХК 2013 онд Геологийн төв лабораторитой гэрээ байгуулсан. Тус лаборатори нь Оюу толгойн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьдаг байгууллага бөгөөд нууцаар гэрээ байгуулсан гэдэг нь огт үндэслэлгүй, худал мэдээлэл юм.
  • “Энхтайвны корпус”-ын “Хөдөөнөөс хот руу” хөтөлбөр нь орон нутгийн сурагчдад Монгол Улсын тэргүүлэх аж ахуйн нэгжүүдэд ажил эрхлэх боломжийн талаар бодит мэдээлэл хүргэж, тэдний өдөр тутмын үйл ажиллагаатай танилцуулдаг бөгөөд энэ удаа орон нутгийн сурагчид Хаан банк, Азийн хөгжлийн сан, Улсын драмын эрдмийн театр, “Оюу толгой” ХХК-иар зочилсон. Хөтөлбөрт оролцож буй хүүхдүүд “Оюу толгой” ХХК-ийн байранд зочилж, компаниас хэрэгжүүлдэг “Залуусын Хөгжлийн Хөтөлбөр”-ийн талаар мэдээлэл авч, “Манлайлал ба аюулгүйн бүс” сургалтад хамрагдсан юм. “Оюу толгой” компанийн зүгээс сурагчдад сурлагын өндөр амжилт хүсэн дэвтэр, бал бэлэглэснийг мушгин гуйвуулж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл цацсанд харамсаж байна.

“Оюу толгой” ХХК-ийн төв байрны үүдэнд жагсаал, цуглаан зохион байгуулж буй хүмүүс энгийн иргэд рүү дайрч давшлан, “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний эсрэг санал өгсөнгүй гэж буруутган улмаар нийгмийн сүлжээгээр бичлэг хийн тарааж байгаа явдалд харамсаж байна. Эдгээр хүмүүс компанийн нэр хүндэд халдсан, олон нийтийг төөрөгдүүлсэн худал ташаа мэдээллийг удаа дараа тарааж байгаа тул бид зохих хууль хяналтын байгууллагад хандах болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.