Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

Мэргэжил бүхэн сайхан

Монгол Улс, Улаанбаатар хот,

Түүнийг Жанлав-Ойдов гэдэг. Тэрээр АНЭУ-ын Абу Даби хотноо болсон Дэлхийн Ур Чадварын 44 дэх удаагийн тэмцээнд гагнуурын төрөлд оролцож 34 орны гагнуурчдаас шалгарч тусгай байранд орсон юм. Мөн тэрээр үндэсний ялагч болсон бөгөөд эдгээр амжилт нь Монгол улсын хувьд анхны түүхэн медаль юм. Жанлав-Ойдов өнгөрсөн жил “Монгол Ур Чадвар-2016” үндэсний уралдаанд тэргүүн байр эзэлж дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх эрхээ авсан байна.


“Оюу толгой” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд түүнийг ивээн тэтгэж Оюу толгойн уурхайн сургалтын төвд зургаан сар гаруйн хугацаанд дадлага хийлгэж, тэмцээнд оролцох бэлтгэлийг нь хангах боломж олгосон юм. Төв аймгийн Баянцаагаан сумын малчны 18-хан настай монгол хүү ийнхүү дэлхийд данстай гагнуурчин болж, өнөөдөр “Оюу толгой” компанийн Дадлагажигч ажилтнаар ажиллахаар болж, батламжаа гардан авлаа. “Дэлхийн нэр хүндтэй тэмцээнд оролцох бүхий л боломжоор хангаж, дадлагажигч ажилтнаар ажиллах батламж гардуулсан “Оюу толгой” компанийн удирдлагад баярлалаа. Би та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулах болно” гэж Ж.Жанлав-Ойдов ярилаа. Ажилсаг, хичээнгүй Жанлав-Ойдовдоо гэрэлт ирээдүйд нь амжилт хүсье! Бид эрдэм мэдлэг, ур чадвар үнэт зүйлс бүтээлцэнэ!

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.