Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

Олныг гайхуулсан Өмнөговийн түүх, соёлын өв

“Өмнөговийн түүх, соёлын өв: Өнөө ба ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнгөрсөн сарын 26-ны лхагва гаригт Улаанбаатар хотноо болов. Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын санаачилсан уг бага хурлыг Шинжлэх ухааны академи зохион байгуулж, “Оюу толгой” компани санхүүжүүлсэн юм. Хуралд ШУА-ийн удирдлага академич Б.Энхтүвшин, Т.Галбаатар, Т.Дорж, нэрт судлаач академич Р.Барсболд, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, говь нутгийн унаган хүү академич Д.Төмөртогоо, “Монгол мэдлэг”дээд сургуулийн захирал Л.Дашням зэрэг нэртэй эрдэмтэд, Өмнөговь аймгийн бүх сумын Засаг дарга нар оролцож, Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор профессор С.Чулуун, ШУТИС-ийн Нийгмийн ухааны тэнхмийн эрхлэгч, доктор профессор Д.Сэрдарам, Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ч.Амартүвшин, Н.Эрдэнэ-очир, МУБИС-ийн багш, доктор профессор Ж.Гэрэлбадрах, Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат, Өмнөговь аймгийн музейн захирал Ц.Отгонтуяа нар өмнийн говийн түүх, соёлын өвийн талаар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Бага хурлын үеэр палеонтологийн олдвор болон уран бүтээлийн “Говийн өв соёл” үзэсгэлэнг нийслэлийнхэнд толилуулсан юм. “Оюу толгой” компани Өмнөговь аймгийн Соёлын хэлтэстэй хамтран говийн авьяаслаг уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд сурталчлан танилцуулах зорилгоор энэхүү үзэсгэлэнг зохион байгуулжээ. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун үзэсгэлэнг нээж хэлэхдээ “Өмнөговь аймаг бол эртний хүмүүсийн эх нутаг. Түүх, соёлоор нэн баялаг. Тэдгээрийн дээжээс цөөхнийг та бүхний мэлмийд толилуулж байна” гэв. Палеонтологийн төвийн захирал, доктор профессор Х.Цогтбаатар Өмнөговьд үлэг гүрвэлийн олдвороос авахуулаад түүх, соёлын асар их дурсгал байдгийг, Археологийн хүрээлэнгийн захирал, доктор профессор Д.Цэвээндорж Монголын говь байгалийн үзэсгэлэнтэй сайхнаас гадна түүх, соёлын өвөөрөө дэлхийд гайхуулах алдартайг дурдаж, “Говийн бүсийн судалгааны төв” байгуулж, тэр ховор дурсгалаа хамгаалахын чухлыг, “Оюу толгой” компани өмнийн говийн байгалийн баялгийг ашиглахын зэрэгцээ тэр нутаг дахь түүх, соёлын дурсгалыг хамгаалах талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж, чамгүй ажил амжуулж буйг онцлов.

Ханбогд сумын дунд сургуулийн технологийн багш М.Чүлтэмсүрэн сүүлийн хорь гаруй жил зээгт наамал урлажээ. “Дөрвөн хүчтэн” бүтээлээ бараг хагас жил шахам урласан гэнэ. Зээгт наамал бол цаг хугацаа, нарийн ур шаарддаг чимхлүүр урлаг гэж тэр хэлэв. Түүний шавь Г.Оюунчимэг Ханбогд сумын дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч. Хоёр жил орчим дугуйланд суралцахдаа хорь гаруй бүтээл урлажээ. Хоёр талын хамтарсан шалгаруулах багийнхан үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдээс шилдэг долоог шалгаруулан шагнав. 22 жил чулуу, модоор сийлбэр хийсэн Т.Энхбатын чүнчигноров чулуугаар урласан морины сийлбэр, Д.Цолмонбаатарын найман луу ороолгон урласан цагаан шүрэн хөөрөг, Ханхонгор сумын дунд сургуулийн дүрслэх урлаг, технологийн багш Х.Одбаярын “Ёлын ам” уран зураг, Э.Хатантөмөрийн Ноён Сэврэй хийцийн мөнгөн эдлэл, М.Чүлтэмсүрэнгийн “Дөрвөн хүчтэн” зээгт наамал, түүний шавь сурагч Г.Оюунчимэгийн “Монгол наадгай” цаасан хайчилбар, аймгийн статистикийн тасгийн ажилтан Н.Чимэдбалжингийн хөөрөгний даалин хатгамал шилдгээр шалгарав.Үзэсгэлэнд тавьсан палеонтологийн цөөнгүй үзмэр олны хараа булааж байв. Өмнөговийн Төгрөгийн ширээ гэдэг газраас олдсон гадрозавройдын зулзаганы хэлхээ яс 71, тэндээс олдсон протоцератопсын толгойн яс 85 сая жилийн өмнөх олдвор гэнэ. Түүнчлэн 95 сая жилийн өмнө амьдарч байсан гадрозавройдын толгойн яс, теризинозаврын урд сарвуу, үлэг гүрвэлийн өндөг, Ханбогд сумын Зүрх уулнаас олдсон 100 мянган жилийн өмнөх үеийн гилбэр зэвсэг, Хүннүгийн үеийн булш бунхан, хот балгадын тууринаас эхлээд хүрэл болон ясан зэв, нумын оньс, төмөр хутга, нум сум, үйсэн саадаг, төмөр дөрөө, мөнгөн аяга, ээмэг, шавар сав, ээрүүлийн дугуй, богтаг малгай, алтан ээмэг, хүрлээр хийсэн бөгж, бугуйвч, товч, ээмэг, товруу гээд ховор эд өлгийн зүйлс байна лээ.

ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж “Говийн бүсийн судалгааны төв” байгуулахын чухлыг дурдаж төр, хувийн хэвшил, орон нутгийнхан түүх, соёлын өвөө хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэхэд энэ төв чухал үүрэг гүйцэтгэнэ гэж хэлж байлаа. Эртний “Торгоны зам”, “Цайны зам” Монголын их говиор дайран өнгөрч байсан нь ч нэгийг өгүүлэх бөлгөө. Чухам нүүдэлчдийн соёл гээч энэ говь нутагт цогцолсон байж ч болох шүү дээ. Эртний амьтан,ургамал, түүгээр ч барахгүй хүмүүсийн аж амьдралтай холбоотой өчнөөн ховор олдвор дурсгал тэндээс илэрч буй нь үүнийг нотлох биз ээ. Сүүлийн үед дэлхий даяар энэхүү нүүдэлчдийн соёлыг машид сонирхох болжээ. Энэ нь ч учиртай хэрэг. Говь нутагт Байгалийн болон түүхийн музей байгуулах санал санаачилгыг ч хуралд оролцсон зарим хүн гаргаж байв. ССАЖЯ 20 сая гаруй төгрөгөөр уг музейн зураг төслийг гаргасан дуулдана лээ.

“Оюу толгой” компани өмнийн говьд дэлхийд тэргүүлэх зэс, алтны орд нээснээс эхлээд тухайн бүс нутгийн түүх, соёлын өвийг хамгаалах талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж, чамгүй хөрөнгө мөнгө зарцуулсан билээ. Манлай сумын Шар цав хэмээх газраас илрүүлсэн, дэлхийд өөр хаана ч байхгүй динозаврын мөрийг тойруулан хашаа барьж, гүний худаг гарган хамгаалж буй. Гүний хоолойгоос Оюу толгойн уурхай руу татсан усны хоолойн дагуу авран хамгаалах ажиллагаа хийж, 80 гаруй ховор олдворыг малтан авснаа лабораторид шинжлүүлж байгаа юм. “Оюу толгой” компанийн Нийгмийн харилцааны хэлтсийн захирал Ш.Байгалмаа бага хурал дээр хэлэхдээ тус компани өмнийн говийн соёлын өв, түүхийн дурсгалыг хамгаалахын тулд Соёлын өвийн бие даасан хөтөлбөр хэрэгжүүлж буйг онцлон дурдаад 40 жил тасалдаад байсан тэмээгээр жин тээх уламжлалт зан үйлийг сэргээсэн тухай жишээ татаж байв. Тэрээр “Ханбумбат” нисэх ронгоцны буудал, хатуу хучилттай зам зэрэг дэд бүтцийг өөрийн хөрөнгөөр байгуулснаар говь нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж нээснийг ч хэлэв. “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх Соёлын өвийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд зориулан жилд 4-5 сая.ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж буйгаа энэ үеэр мөн мэдэгдсэн юм. ССАЖЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн “Оюу толгой” компаниас хэрэгжүүлж байгаа энэ мэт үр дүнтэй ажлыг онцлон дурдаж байв.

Ханбогд сумын Засаг дарга асан Б.Дэндэвсамба, Өмнөговь аймгийн ахмадын хорооны дарга Ц.Бат-Өлзий, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын соёлын хяналтын улсын байцаагч О.Удвалцэцэг нар ийм сэдвээр бага хурал, үзэсгэлэн зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн “Оюу толгой” компанийн нийгмийн хариуцлагыг “түүх, соёлын өвийг хамгаалах талаар Монголд үлгэр жишээ болохуйц үйлс” гэж үнэлэв.“Говийн бүсийн судалгааны төв” байгуулахаар санал нэгдсэн нь энэ бага хурлын хамгийн гол ач холбогдол юм. “Оюу толгой” компанийн Соёлын өвийн мэргэжилтэн Д.Амарбаясгалангийн хэлснээр уг төвийг байгуулснаар түүгээр дамжуулан соёлын өвийн хөтөлбөрийг иж бүрнээр хэрэгжүүлэх боломжтой болох аж. Юуны өмнө Өмнөговьд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд орлогынхоо зохих хувийг уг төвд төвлөрүүлэх замаар санхүүжилтийг нь бүрдүүлэхээр төлөвлөжээ

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.