Хэвлэл мэдээлэл
Онцлох мэдээ

Олон улсын уул уурхай, эрчим хүчний үйлдвэрчний эвлэл ба Рио Тинто Групп хамтран Оюу толгой уурхайд томилолтоор ажиллалаа

26.09.2018

Олон улсын уул уурхай, эрчим хүчний үйлдвэрчний эвлэл (ОУУУЭХҮЭ) “ИндастриОл” болон Рио Тинтогийн төлөөлөгчдийн хамтарсан баг Монголын Өмнийн говьд орших Оюу толгойн зэс-алтны ил болон гүний уурхайд томилолтоор ажиллаж чухал зөвшилцөлд хүрлээ.

Энэхүү хамтарсан баг 2018 оны 9 дүгээр сарын 17-ноос 22-ны өдөр Оюу толгойн уурхайд ажилласан юм. Рио Тинтогийн Хөдөлмөрийн харилцаа хариуцсан захирал Майкл Гавин, ОУУУЭХҮЭ-ийн Уул уурхайн салбар хариусан захирал Глэн Мпюфэйн нар тус тусынхаа багийг ахалсан юм. ОУУУЭХҮЭ-ийн багт бүс нутаг хариуцсан ажилтан, Монголын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид, Шведийн АйЭф Металл үйлдвэрчний эвлэлийн харьяа Дагэнс Арбит сэтгүүлийн сэтгүүлчид багтсан.

Хамтарсан баг Рио Тинтогийн байгаль орчин, нийгэм, менежментийн стратегид үнэлгээ өгөх зорилготойгоор уурхайд ажилласан. Тус уурхайн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг хүмүүс бий. Айлчлалын хүрээнд нутгийн иргэдийн төлөөлөл болсон малчид, ахмадууд, Ханбогд сумын Засаг дарга, Оюу толгой компанийн үндсэн болон гэрээт ажилчид болон тус уурхайн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг төрийн бус байгууллагуудтай зөвлөгөөн хийсэн юм.

Монгол Улс байгалийн эрдэс ихтэйн хажуугаар эдийн засаг нь уул уурхайн салбараас үнэмлэхүй хамааралтай байдаг. Оюу толгой уурхай нь Рио Тинтогийн тэргүүлэх уурхайнуудын нэгийн хувьд хариуцлагатай уул уурхай гэж юу болохыг олон нийтэд харуулах боломжийг тус группт олгож буй юм. Рио Тинто Хариуцлагатай уул уурхайн индекс (ХУУИ)-ийн үр дүнд үндэслэн ОУУУЭХҮЭ-ийг Оюу толгойд урьсан билээ.

ОУУУЭХҮЭ нь ХУУИ-ийг гаргахад оролцдог бөгөөд энэ индекс нь хариуцлагатай уул уурхай гэдгийг “…олон нийтийн ашиг сонирхол болон байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг ил тод байдлаар тусган авч, уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй улсынхаа эдийн засгийн хөгжилд шударгаар мэдэгдэхүйц хувь нэмэр оруулдаг уул уурхайн үйл ажиллагааг хэлнэ” гэж тодорхойлсон байдаг. Эдийн засгийн хөгжил, бизнесийн ёс зүй, ажлын нөхцөл, байгаль орчны хариуцлага гэсэн дөрвөн чиглэлд Рио Тинто хамгийн өндөр оноо авсан дэлхийн арван уул уурхайн бизнесийн нэгээр нэрлэгдсэн юм.

ОУУУЭХҮЭ-ийн Монгол дахь салбар нэгж болох Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоотой хамтран ҮЭ-ийн байгууллагын удирдах ажилтнууд болон 40 гаруй төлөөлөгчдийн дунд семинар зохион байгуулсан юм.

Оюу толгойд 16,117 хүн ажиллаж байгаагаас 3,000 орчим монгол үндсэн ажилчид бол гүний уурхайн төсөлд ажиллаж буй ажилчдын ихэнх нь гэрээт компанийн монгол, гадаад ажилчид байна. Гадаад мэргэжилтнүүдийн ур чадварыг монгол ажилтнуудад зааж сургадаг нь үндэсний боловсон хүчнийг сургаж бэлтгэх, хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Гэрээт компанид ажиллаж буй монгол ажилчдын нэлээд хэсгийг Оюу толгой компани гүний уурхай үйл ажиллагаагаа эхлэх үед үндсэн ажилчин болгож шилжүүлэн авах юм. Гадаад мэргэжилтнүүдийн ур чадварыг үндэсний ажиллах хүчинд уламжлуулан шилжүүлж байгаагийн нэг жишээ нь ил уурхайнтом оврын ачааны тэрэг жолоодож буй олон тооны эмэгтэйчүүд, удирдах түвшний албан тушаалд монгол хүмүүс ажиллаж байгаа явдал юм.

Глэн Мпюфэйн:

“...уул уурхайн үйл ажиллагаа явуулахад хэн нэгэн нийгмийн зөвшөөрлийг өгөх тухай ойлголт байдаггүй.. Харин зөвшилцлийг ил тод явуулж, итгэлцэл бий болгосноор олж авах ёстой зүйл юм. Уул уурхайн үйл ажиллагааг хариуцлагатайгаар эрхлэх нь тэр зөвшөөрлийг олж авах замыг засна”.

Рио Тинтогийн үйл ажиллагааны талаарх олон талт хэлэлцүүлэг цаашид Мадагаскар дахь КюЭмЭм, Өмнөд Африкийн БНУ дахь АрБиЭм, Намиби дахь Рөссин Ураниум зэрэг уурхайд үргэлжлэх болно.

http://www.industriall-union.org/mongolia-industri...

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.