Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

Оюу толгойн баяжуулах үйлдвэрт гарсан галын талаар шинэчилсэн мэдээ

Монгол Улс, Улаанбаатар хот,

2014 оны 12 дугаар сарын 3-нд Оюу толгойн баяжуулах үйлдвэрийн нунтаглалтын хэсгийн бөөрөнцөгт тээрмийн усан ангилагчийн нэгийг хамарсан гал гарсан. Галын улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй.

Ажиллагсдын аюулгүй ажиллагааг хангах, мэргэжлийн байгууллагуудын шалгалт хийх зорилгоор баяжуулах үйлдвэрийн ажиллагааг түр зогсоох шаардлагатай болсон. Үзлэг, шалгалт 12 дугаар сарын 4-нд дуусч үйлдвэрийг дахин ажиллуулж эхлэх бэлтгэл ажил болон гарсан хохирлыг тогтоох ажил явагдаж байна. Гал усан ангилагчийн резинэн доторлогоотой шугам хоолой болон булинга дамжуулах сувагт гарсан. Галын улмаас томоохон хохирол учраагүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна. Мөн баяжуулах үйлдвэрийн бөөрөнцөгт тээрэм, өндөр хүчдэлийн цахилгаан хангамжийн системд нөлөөлөөгүй байна.

Үзлэг шалгалт дууссанаар зөвхөн галд өртсөн ангилагчийг тусгаарлан бусад тоног төхөөрөмж, системүүдийн тусламжтайгаар баяжуулах үйлдвэрийг ажиллуулах боломжтой бөгөөд 12 дугаар сарын 5-ны өдөр ажилуулж эхлэхээр зэхэж байна. Оюу толгойн баяжуулах үйлдвэр нь дөрвөн бөөрөнцөгт тээрэм, дөрвөн усан ангилагчтай.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээнд хэрхэн нөлөөлж болох тухай үнэлгээг баяжуулах үйлдвэрийг ажиллуулсаны дараа хийх аж.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.