Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

Оюу толгойн гүний уурхайн төслийн шинэчилсэн мэдээлэл

“Рио Тинто" групп Монгол Улсад хэрэгжүүлж буй Оюу толгойн гүний уурхайн төсөл (“Төсөл” гэх)-ийн хуваарь, зардлын талаарх шинэчилсэн мэдээллийг гаргалаа.

Төслийн бүтээн байгуулалтын ажил 2019 онд амжилттай урагшилж дэлхийн хамгийн том зэсийн уурхайн нэг болоход алхам ойртов.

2019 оны эхний хагаст Оюу толгой группийн хэмжээнд аюулгүй ажиллагаагаараа тэргүүлэгчийн байр сууриа хадгалж, өндөр бүтээмжтэй ажилласан.  

Өнгөрсөн таван сарын хугацаанд гүний уурхайн дэд бүтцийн чухал байгууламжуудын хэсэг болох уурхайн хяналтын өрөө, хацарт бутлуурыг бэлэн болгосон. Харин Босоо ам 3 болон Босоо 4-ийн  барилгын ажлууд жигд явагдаж байгаа бөгөөд Босоо ам 2-ыг улсын комисст төлөвлөсөн ёсоор 2019 оны 10 дугаар сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Өдгөө бидний ашиглаж буй, батлагдсан зураг төслийн дагуу гүний уурхайг үргэлжлүүлэхэд  чулуулгийн нөхцөл байдал тогтворгүй, улмаар эрсдэл үүсэх нь геотехникийн нарийвчилсан дата мэдээллээс илэрхий байна. Иймд төслийг амжилттай дуусгахын тулд уурхайн зураг төслийн хэд хэдэн хувилбарыг эргэн авч үзэх хэрэгтэй болсон. Үүнээс улбаалан дунд түвшний тээвэрлэлтийн зам, хүдэр тээвэрлэх систем зэрэг гүний уурхайн дэд бүтцэд нэн чухал байгууламжуудыг өөр газар барих, эсвэл бүр барихаа болих шаардлага үүсэх магадлалтайг судалгаанаас харж болно. Мөн гүний уурхайн ашиглалтын үед хүдрийн панелуудыг олборлох дарааллыг эргэн авч үзэх шаардлагатай болж байна.

Энэхүү дүн шинжилгээгээс хамаарч олборлолтын эхний панел буюу “ Панел 0”-ийн зураг төслийн эцсийн хувилбар гарах бөгөөд шинэчлэн боловсруулах ажил 2020 оны эхэн хүртэл үргэлжилнэ. Техникийн чанартай бусад асуудлыг тооцож үзвэл нарийвчилсан үнэлгээ 2020 оны хоёрдугаар хагаст бэлэн болохоор байна. Үүнд гүний уурхайн төслийн үлдсэн ажлыг гүйцэтгэх зардал, хуваарийн эцсийн тооцоолол багтах бөгөөд зураг төслийн сонголтоос улбаалж гарах өөрчлөлтийг тусгасан байна.  

Бидний судалж буй загварууд бүгд тогтвортой үйлдвэрлэлд хүрэх замыг зааж өгнө, гагцхүү хуваарь, зардлын ялгаатай юм. Одоогоор эдгээр үнэлгээний зарим нь концепцийн шатанд, зарим нь цар хүрээ, далайцыг тодорхойлох шатанд байгаа тул эцсийн үнэлгээг гаргах хүртэл судалж нягтлах зүйлс их байна.

Урьдчилсан мэдээллээс харахад зураг төслийн аль хувилбарыг сонгохоос шалтгаалаад гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 6 дугаар сарын хооронд эхлэхээр байгаа нь 2016 оны ТЭЗҮ-д заасан хугацаанаас 16-30 сараар хойшлох юм. Босоо ам 2-ын бүтээн байгуулалтын явцад геотехникийн болон бусад хүндрэл гарах магадлалтай эрсдлийн 8 сарыг тус хугацаанд оруулж тооцсон болно. Илүү тодорхой тов гаргахын тулд нарийвчилсан үнэлгээг хийж байна[1].

Дээр дурдсан үнэлгээнүүдийн үр дүнгээс шалтгаалаад гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын капитал зардал 6.5-7.2 тэрбум ам.доллар байх урьдчилсан тооцоо гарч байгаа нь өмнөх дүн 5.3 тэрбум ам.доллараас 1.2-1.9 тэрбум ам.доллараар давуу байна.

Энэхүү урьдчилсан тооцоололд ажлын бүтээмжийг мөн урьдчилан тооцоолж багтаасан болно. Нарийвчилсан үнэлгээг эцэслэн гаргах үед өөрчлөгдөж болзошгүй.

Бид гүний уурхайн зураг төслийн хувилбаруудыг үнэлэх, нягтлахдаа төслийн хуваарь, зардалд үзүүлэх нөлөөллийг аль болох бага байлгахад анхаарах болно. Нарийвчилсан дүгнэлт гаргахын тулд нэмэлт судалгаа шинжилгээ хийх шаардлагатай байгаа ч “Рио Тинто” 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр гаргах энэ оны эхний хагас жилийн тайландаа Төсөлд оруулаад буй хөрөнгө оруулалтын дүнгээ нягтлан тусгаж, мэдээлэх болно.

Өсөлт, инновацийн группийн гүйцэтгэх захирал Стивен Макинтошийн хэлснээр “Бид 2019 онд гүний уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд хэд хэдэн чиглэлээр ихээхэн ахиц дэвшил гаргалаа. Гэхдээ чулуулгийн нөхцөл байдал бидний төсөөлж байснаас хүнд байгаа тул гүний уурхайн төлөвлөгөөг дахин нягталж, хэд хэдэн хувилбарыг авч үзэх шаардлагатай болж байна. Ийм өргөн далайцтай, нарийн түвэгтэй төслийг хэрэгжүүлэхэд хугацаа хойшлох явдал цөөнгүй тохиолддог. Манай баг ихээхэн ач холбогдолтой энэхүү төслийг амжилтад хүргэх, зөв хувилбарыг олоход онцгойлон анхаарч байгаа.”

Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат “Оюу толгой бол олборлолтын үйл ажиллагаа нь нэгэнт эхлээд, 16000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, татвар, роялти, худалдан авалтаараа Монгол Улсад хувь нэмэр болж буй дэлхийн хэмжээний орд, дэлхийн хэмжээний уурхай билээ. Бид гүний уурхайн бүтээн байгуулалтын төслийг амжилттай хэрэгжүүлэхээр Туркойз Хилл Ресурс болон Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж байна. Ингэснээр уг ордын хамгийн баялаг хэсэг болох гүний уурхайн олборлолтыг эхлүүлэн, бүх талуудад үр ашиг хүртээх боломжтой болно.

[1] Дээр дурдсанчлан, эдгээр үнэлгээ нь урьдчилсан үнэлгээ бөгөөд олон хүчин зүйлээс, тухайлбал 2019 оны 10 дугаар сард дуусгахаар төлөвлөөд буй Босоо ам 2-ын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусах эсэхээс шалтгаална. Одоогоор эдгээр үнэлгээний зарим нь концепцийн шатанд, зарим нь төслийн цар хүрээ, далайцыг тодорхойлох шатанд байгаа тул гүний уурхайн зураг төслийн хувилбаруудыг боловсронгуй болгох, ТЭЗҮ-ийн түвшинд хүртэл нарийвчлан боловсруулахын тулд 2020 оны 2 дугаар хагас хүртэл ихээхэн ажил хийх шаардлагатай байна.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.