Хэвлэл мэдээлэл

Оюу толгойн уурхай дахь миний ажлын нэг өдөр - С.Батмөнх

Оюу толгой төсөлд гар бие оролцож байгаа олон Монгол ханган нийлүүлэгчдийн нэг бол Жи Си Ар Монголиа компани. Тус компанийн 621 чадварлаг ажилчин өнөөдөр Оюу толгойн гүний уурхайн барилга угсралт, босоо амын тулгуур барих ажлыг гүйцэтгэж байна.

Бид Жи Си Ар компанид газар шорооны ажил хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилладаг Батмөнхийн ажлын нэг өдөртэй танилцсан юм. Барилгын мэргэжилтэй тэрээр одоогоор Оюу толгойн уурхайн талбарт Жи Си Ар-ын төслийн газар шороо, барилга угсралтын ажлыг хариуцан ажилладаг.
- Та өглөөг яаж эхлүүлдэг вэ?
Би өглөө 5 цагт босдог. Босоод цайндаа явахаас өмнө шөнийн ээлжнийхэн ямар ажил хийсэн талаарх тайланг утсан дээрээсээ уншдаг. Шөнө хийгдсэн ажлын дагуу өнөөдрийн хийх ажлуудаа эргэцүүлэнгээ өглөөний цайгаа ууна. Өглөөний цай надад өдрөө эхлүүлэх эрч хүчийг өгдөг учраас миний өдрийн хамгийн чухал хэсэг гэж хэлж болно.
- Жирийн нэг ажлын өдрөө төсөөлвөл та ихэвчлэн юун дээр төвлөрч ажилладаг вэ?
06:30 цагт Ажил эхлэхийн өмнөх хурал эхэлдэг. Хурал дээрээс ажилчдын санал гомдол, бусадтай хуваалцаж ярьсан зүйлүүдийг анхааралтай сонсч, тухайн асуудлуудыг тэр өдөрт нь хэрхэн хурдан шийдвэрлэх талаар ярилцана. Хурал дууссаны дараа баг бүр тус тусдаа өдрийн ажлаа төлөвлөж багийн хурал хийдэг. Миний хувьд багуудын хурал дээрээс авсан мэдээллийн дагуу тэднийг хэрхэн уялдаатай ажиллах талаар ахлагч нарт зөвлөгөө өгөхөөс гадна өдрийн хийгдэх ажлын мэдээллээ удирдлагууддаа болон захиалагчид танилцуулдаг. Тэгээд и-мэйлээ шалгаснаар миний ажлын өдөр эхэлнэ дээ.


Манай компани Оюу толгойн уурхайн цогцолбор дээр дулааны төв станц, 2 дугаар босоо ам, 5 дугаар босоо ам, шинэ гал тогооны барилга гэх мэт олон талбай дээр зэрэг ажил хийдэг. Бүх талбайгаар ажлаа шалгаж явахад нэг өдөр хүрэлцдэггүй учраас тухайн өдөр аль талбай дээр нэн чухал, яаралтай ажил хийгдэж байгаагаас хамаарч ажилладаг.
Өдрийн хоолоо идсэний дараа мөн л ажлын талбайгаа үргэлжлүүлэн шалгаж инженер ахлахуудад зөвлөгөө өгч ажлын төлөвлөгөөний дагуу хяналт тавьж ажилладаг. Миний удирдлага дор ажилладаг инженерүүд болонудирдлагын төлөвлөгөөний хурал 17:20 цагт эхэлнэ.
- Ажил тарсны дараа чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
19:00 цагаас шөнийн ээлжийн ажил эхлэх учир би шөнийн ээлжид зааварчилгаа өгөөд ажлаасаа буудаг. Би ер нь сагс, хөлбөмбөг тоглох сонирхолтой болохоор ажлын бус цагаар зааланд сагс юм уу, гадаа хөлбөмбөг тоглоод байж байна.
- Ажлын гараа эхэлж байсан үеэ одоогийн үетэй харьцуулаач? Албан болон хувь хүний хувьд ямар өөрчлөлт, ахиц гарсан бэ?
Мэргэжлийн ажлын гараагаа арваад жилийн өмнө инженерээр сурч байхдаа л эхэлсэн, түүнээс хойш гадаад , дотоодын олон төсөл хөтөлбөрүүд дээр мэргэжлээрээ ажиллаа. Оюу толгойд анх 2015 онд ирж, гүний уурхайн босоо амны төсөл дээр томилогдож байсан. Барилгачин хүний хувьд уурхайн ажилтай танилцаж, инженер хүн ямар их юм сурах хэрэгтэй байдгийг тэр үед ойлгож билээ. Сурч, мэдэх тусам инженерийн ажил сонирхолтой шүү дээ.

Жи Си Ар Монголиа компани маань 2017 онд шинээр байгуулагдаж анхны төслөө Оюу толгой дээр авч, шинэ төсөл, шинэ хамт олон гээд л анхандаа учраа олохгүй энэ төслөө эхлүүлж билээ. Хамгийн анхны газар шорооны ажил маань эхэлсэн өдрөө 30 минут ч ажиллаж чадалгүй ажлаа зогсоолгож байлаа. Бүгд л шинэ байсан даа. Одоо манайхан ямар өндөр түвшинд хүрснийг харахад сайхан байдаг.

- Барилгын инженерийн чиглэлээр сурч буй оюутан залууст зөвлөгөө өгөөч?

Миний туршлагаас харахад барилгын инженерүүд бусад салбарын ажилд амархан хөрвөх чадвартай. Инженерийн мэргэжил нь сурч, суралцаж, судалж дуусашгүй сонирхолтой мэргэжил шүү дээ. Оюутан дүү нартаа хэлэхэд сурч байгаа энэ үеэ үр дүнтэй өнгөрүүлээрэй гэж хэлье. Та нар одоо багш нараар заалгаж сурч байгаа ч сургуулиа төгсөхөөрөө өөрсдөө л суралцаж судалж эхэлнэ. Ажлыг гололгүй тууштай байж, ард нь гарсан нь л ялдаг юм шүү. Ажлыг амархан , аюулгүй, хурдан хийж сураарай. Бас хийж буй ажлаа зугаатай хийж сураарай!