Хэвлэл мэдээлэл

Оюу толгойчууд:Б.Хулан

Энэ удаад бид “Оюу толгой” компанийн ажилтан Б.Хулантай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
Би бол “Оюу толгой” ХХК-д ажиллаж буй цорын ганц сонсголгүй иргэн шүү дээ гэсээр өөрийн ажлын түүхээ надад дохионы хэлний орчуулагч найзынхаа тусламжтай сэтгэл нь хөдлөн ярьж өгсөн юм.
Энэ бол Оюу толгойн агуу бүтээн байгуулалтад гар бие оролцсон миний 13 жилийн түүх шүү гээд бахархал, талархал хосолсон он жилүүдээ зөвхөн хоёр гарын хөдөлгөөнөөрөө дамжуулан илэрхийлж дуусгасан юм. Түүний яриаг дор чадан ядан сийрүүлснийг болгооно уу:
Би 2006 онд компьютерийн график дизайны мэргэжлээр “Цахим” дээд сургуулийг төгссөн юм. Төгсөх ангийн оюутан байхдаа санаандгүйгээр хаалгыг нь татаж, “надаар эх бэлтгүүлээч, би ном шивж чадна” гэж хэлчхээд гарсан тэр өдөр амьдралын их замын эхлэл болсон доо. Долоо хоногийн дараа намайг гэрээт ажилтнаар ажиллуулахаар дуудсан тэр газар бол “Айвонхеу Майнз Монголия Инк” компанийн хамт олон байсан бөгөөд, тэр дундаа агуу түүхэн хүн болох Гарамжав гуай байж таарсан нь үнэхээр талархаад баршгүй амьдралын эргэлт болсон юм. 2005 оны 7 дугаар сар байсныг сайн санаж байна. Намайг сонсголын бэрхшээлтэй гэж гололгүй ажилд авсан Д.Гарамжав, бас Ц.Цэрэнхүү хэмээх энэ хоёр хүн бол намайг амьдралын саад бэрхшээлийг түвэггүй даван туулахад минь урам зориг, итгэл хайрласан баялаг их ухаантай эрхмүүд юм. Энэхүү талархсан сэтгэлээ энэ дашрамд дамжуулмаар байна.
Ингээд бичиг хэргийн туслах ажилтан болж баяр хөөртэй ажилдаа орсон хэдий ч эхэндээ харилцааны бэрхшээлтэй тулгарч, тун амаргүй байв. Хүмүүс миний сонсголгүй гэдгийг мэддэггүй байсан байх. Дуугардаггүй болохоор их зантай ажилтан оржээ гэж ихэнх нь боддог байсныг бүүр сүүлд мэдсэн. Сонсголгүй хүний нэгдүгээр хэл бол дохионы хэл бөгөөд эх хэл нь хоёрдугаар хэл байдаг. Хос хэлтнүүд шүү дээ. Гэтэл тэнд дохионы хэл мэддэг хүн тэр бүр байгаагүй учраас ажлынхантайгаа бичгээр харилцдаг байлаа.
2010 онд миний ажлын талбарт эргэлт авчирсан үйл явдал болов. Ч.Мэндсайхан гэдэг хүн ажлын хамтрагчаар орж ирэв. Тэр өөрөө над руу дохио зангаа ашиглан, нааш ир хамт цай ууя гэж биеэрээ үзүүлж байв. Би бүр түүнд баярлаад, бага багаар дохионы хэл зааж өгч бидний нөхөрлөл эхэлсэн юм. Ажлынхан биднийг хараад гайхаж, зарим нь бараг анх удаа намайг сонсголын бэрхшээлтэй гэдгийг мэдэцгээж байв. Мэндээ маань гайхалтай хурдан дохионы хэл сурч байлаа. Би түүнд ажлын зарим санааг хэлж өгч, олон зүйл дээр хамтран ажилласан. Бид 2017 оныг хүртэл хамт ажилласан. Мэндээ маань одоо Канадад сурч байгаа. Бидний дунд маш сайхан дурсамж бий.
Би үнэндээ бичиг цаас эмхлэх, шивэх төдийхөн бус, харин эзэмшсэн мэргэжлээрээ компанидаа, энэ их бүтээн байгуулалтад чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулах юмсан гэсэн чин хүсэл мөрөөдлөөр дүүрэн байдаг. Өнөөг хүртэл нийт 13 номын хэвлэлийн эх бэлтгэжээ.
Хэдхэн хоногийн өмнө надад гэр бүлийнхээ хүнтэй хамт Оюу толгой уурхайтай биечлэн танилцах завшаан тохиолоо. Үнэхээр гайхан биширсэн. Яах аргагүй Монгол Улсын манлай компани. Ийм бүтээн байгуулалтын нэгэн эд эс нь би шүү дээ гэж бодохоор өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж, бахархах сэтгэл төрж байв.
Намайг гололгүй ажиллуулж, бүхэл бүтэн 13 жил өдийг хүртэл надтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Хүн бүр ямар нэгэн онцгой чадвартай байдагтай адилби хэдий сонсохгүй ч надад ямар нэгэн онцгой чадвар бий. Би одоо сонсголгүй иргэдийн дундах сайн дурын олон ажилд гар бие оролцон тусалж, идэвхтэй амьдралыг хэвшил болгосон. Яг үүн шиг би Оюу толгойн ажилд бас үргэлж ингэж туслах сан гэсэн бодолтой байдаг.