Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Оюу Толгой баяжмалаа экспортод гаргасны нэг жилийн ой тохиов

Монгол Улс, Улаанбаатар хот - Оюу Толгой компани зэсийн баяжмалаа экспортлон олон улсын зах зээлд гаргаж эхэлснийхээ нэг жилийн ойг өнөөдөр ёслон тэмдэглэж байна.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Крэйг Киннел баяжмалаа бүтэн жилийн турш амжилттай экспортолж ирсэн хамт олондоо хандан баяр хүргэж хэлсэн үгэндээ Оюу Толгойн ирээдүйн амжилтын талаар дурдсан юм.

Тэрээр хэлэхдээ “Ил уурхайд олборлолт эрчимтэй үргэлжлэн манай бизнесийн амжилт улам бэхжиж ирлээ. Үйлдвэрлэл эхэлснээс хойш бид 22x0.9 мм стандарт хэмжээний зэсийн хоолойгоор дэлхийн бөмбөрцгийг таван удаа тойруулахад хангалттай хүрэлцэхүйц хэмжээний зэсийг Оюу Толгойд үйлдвэрлээд байна. Энэ бол маш их хэмжээний зэс. Та бидний амжилтын үнэ цэн зөвхөн үйлдвэрлэж экспортод гаргасан бүтээгдэхүүнээр хязгаарлагдахгүй. Та бид Монгол Улсад тогтоосон аюулгүй ажиллагааныхаа хэм хэмжээгээр бахархах учиртай. Таван жилийн хугацаанд боловсрол, сургалтын салбарт 126 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулж, 13,000 монгол хүн энэ хөтөлбөрөөс ашиг тусыг нь хүртлээ. Өмнийн говийн хөршүүдтэйгээ хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, говийн бүс нутгийг хамтдаа хөгжүүлэх урт хугацааны зорилтоо хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Бид хэрэглэж буй усныхаа 86.4 хувийг дахин боловсруулж, дусал ус бүрийг таваас доошгүй удаа дахин ашигласнаар дэлхийн хэмжээнд хамгийн бага усны хэрэглээтэй зэсийн үйлдвэрүүдийн тоонд орж чадлаа” гэсэн юм.

Крэйг Киннел компанийн ирээдүйн талаар ярихдаа “ Манай компани бүтэн зуун жил ажиллах ирээдүйтэй. Энэ урт хугацааг хүнээр зүйрлэвэл өдгөө бид өсч өндийж буй бяцхан хүүхэд юм. Хүн нас ахих тусам ухаан сууж, туршлагажих тусам хүчирхэгждэг. Биднийг хийх ёстой асар их ажил, даван туулах сорилт, хамтдаа хэрэгжүүлэх хүнд хүчир ажил хүлээж байна. Гэхдээ би бидний өнөөдрийн хүрч чадсан амжилтад сэтгэл хангалуун байна. Бид аюул ослоос ангид, амжилттай түншлэл бий болгон, дэлхийн хамгийн чанартай ордын нэгийг хөгжүүлэх суурийг тавьж чадсан гэдэгтээ бүрэн итгэлтэй байна” гэлээ.

Яг нэг жилийн өмнө болсон Оюу Толгойн анхны баяжмал экспортлох ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Рио Тинто Зэсийн группийн ерөнхий захирал Жан Себастьян Жак нар баяжмал ачсан анхны цувааг дэлхийн зах зээл рүү хүргэх аянд үдсэн билээ. Тэр цагаас хойш экспортын хэмжээг тууштай нэмэгдүүлэн аюулгүй ажиллагаа, бүтээмж, үр ашгийг дээшлүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж ирлээ.

Крэйг Киннелийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хавсаргав.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.