Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” компанийн санхүүжилттэй "Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-аас 45 оюутанд тэтгэлэг гардууллаа

Монгол Улс, Улаанбаатар хот,

“Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” төрийн бус байгууллага (ТББ) 2019-2020 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 45 оюутанд батламж гардууллаа. Дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж буй “Говийн Оюу-Оюутны тэтгэлэг" хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймагт шаардлагатай байгаа боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, хөдөө аж ахуй, барилга, уул уурхайн салбарын 30 гаруй мэргэжлээр магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа Өмнөговь аймгийн харьяат оюутнуудаас сонгон шалгаруулалт хийж, шалгарсан оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосноороо онцлог юм.

Өнөөдөр 2019-2020 оны хичээлийн жилийн тэтгэлгийн батламжаа 45 оюутан гардан авч байгаагаас 16 оюутан нь хоёр дахь жилдээ, найман оюутан нь гурав дахь жилдээ нэг оюутан дөрөв дэх жилдээ амжилттай суралцаж, тэтгэлгийн гэрээгээ сунгаж байна.

Энэхүү арга хэмжээний үеэр “Оюу толгой” компанийн Уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирал бөгөөд “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-гийн Удирдах зөвлөлийн дарга Тим Экерсли хэлсэн үгэндээ: “Эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэх уриатай үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компаниас “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-д жил бүр олгож буй нийт 10 гаруй тэрбум төгрөгийн таван хувиар “Өмнөговь аймгийн ирээдүй хойч үеийн төлөөх сан” бий болгосон. Уг санд хуримтлуулсан санхүүжилтийн тодорхой хэсгээр жил бүр “Говийн Оюу-Оюутны тэтгэлэг" хөтөлбөрийг санхүүжүүлдэг билээ. Өнөөдрийг хүртэл “Говийн Оюу-Оюутны тэтгэлэг" хөтөлбөрт Өмнөговь аймгийн сум бүрийн төлөөллөөс бүрдсэн 180 гаруй оюутан хамрагдсан бөгөөд эдгээр оюутан залуус маань эргээд нутаг орондоо хэрэгцээтэй мэргэжилтнүүд болж бэлтгэгдэхэд чухал дэмжлэг болно гэдэгт бид итгэлтэй байна” гэв.

Нэмэлт мэдээлэл: 

  • 2015 онд байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд тусгасны дагуу “Оюу толгой” ХХК нь Өмнөговь аймаг, болон тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумтай “Хамтын ажиллагааны гэрээ”-г 2015 оны дөрөвдүгээр сард байгуулж жил бүр таван сая ам.долларыг Өмнөговийн бүс нутгийн хөгжилд зориулан олгохоор тогтсон.
  • Уг гэрээг хэрэгжүүлэх гол байгууллага болох “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” төрийн бус байгууллага (ТББ)-ыг холбогдох хууль тогтоомжийн дагуу мөн оныхоо 9 сард байгуулж байв.
  • “Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн Оюу” хөгжлийг дэмжих сан 2015 онд байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл нийт 45.3 тэрбум төгрөгөөр 149 төсөл хөтөлбөр санхүүжүүлээд байна.
  • “Оюу толгой” компани 2010 оноос хойш гурван төрлийн тэтгэлэгт 1,000 орчим, дадлагажигч оюутан, залуусын хөгжлийн хөтөлбөртөө 1,500 гаруй оюутан залуусыг хамруулаад байна. “Говийн оюу -Оюутны тэтгэлэг” хөтөлбөрт шалгарсан оюутнууд тэтгэлгийн батламжаа гардан авч буй энэ үед “Оюу толгой” компани ээлжит Дотоодын тэтгэлэг болон Залуусын хөгжлийн хөтөлбөрөө зарласан байгаа бөгөөд 75 оюутан сурагчдыг сонгон шалгаруулахаар анкет хүлээн авч байгаа юм.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.