Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл Гүний уурхайн төслийн захирлыг томиллоо

Монгол Улс, Улаанбаатар хот,

“Оюу толгой” компани Гүний уурхайн төслийн захирлын албан тушаалд Марко Пирэсийг томиллоо. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжлэн хийгдэж байгаа энэ цаг үед уг томилгоо хийгдэж байна.

Марко Пирэс энэ албан тушаалын хүрээнд Оюу толгойн гүний уурхайн “Хойд Хюго ордын Ашиглалтын 1 дүгээр давхар” төслийг хариуцан ажиллана. Марко нь Бразил, Канад, Австрали улсуудад зэс, алт, поташ, никель, коксжих нүүрсний чиглэлээр 30 гаруй жил ажилласан арвин туршлагатай.

“Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх “Төлөөлөн удирдах зөвлөл Марког “Оюу толгой” компанийн ахлах удирдлагын багт нэгдэн ажиллах болсонд таатай байна. Түүний томилгоо нь Оюу толгойн боломж бололцоог бүрэн эзэмшиж, аюулгүй ажиллагааг эрхэмлэн, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоон, Монгол Улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах эрхэм зорилгод хүрэхэд түлхэц өгөх чухал үйл явдал боллоо” гэж хэллээ.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй “Гүний уурхайн бүтээн байгуулалт нь Оюу толгойн урт хугацааны ирээдүйг баталгаажуулахад чухал ач холбогдолтой. Энэ төслийг хэрэгжүүлэх, аюулгүй ажиллагааны соёл, үйл ажиллагааны гүйцэтгэлээ үргэлжлүүлэн сайжруулахад Марко шиг мэдлэг туршлага арвин хүнтэй хамтран ажиллах болсондоо таатай байна” гэж хэллээ.

“Оюу толгой” компанийн Гүний уурхайн төслийн захирал Марко Пирэс “Оюу толгой бол дэлхийн хамгийн ирээдүйтэй зэс, алтны төслүүдийн нэг бөгөөд аль хэдийнэ дэлхийн хэмжээний шилдэг уурхай болсон. Хамт олныхоо өндөр ур чадвар, хийж байгаа ажлын чанарыг харахад үнэхээр таатай байна. Би Монгол Улсад ажиллахаар болсондоо баяртай байна” хэмээн томилгооныхоо талаар хэллээ.

Тэрээр Рио Тинтогоос өмнө “BHP Billiton Mitsubishi Alliance” компанийн Нүүрсний төслүүд хариуцсан захирлын албан тушаалд нөөц илэрсэн төслүүдийн хөгжүүлэхээс эхлээд бүтээн байгуулалт хүртэл үйл явцыг хариуцан ажиллаж байсан. Түүнээс өмнө Марко “Vale” болон “Anglo American” компаниудад бизнесийн хөгжил болон төслүүд хариуцсан ахлах албан тушаалуудыг хашиж байв. Тэрээр уул уурхай, металлургийн инженер мэргэжлээр бакалавр, бизнесийн удирдлагаар магистрын зэрэгтэй.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.