Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

"Оюу толгой" компани аюулгүй ажиллагааны жишиг соёлоо Төв аймгийн Заамар сумынхантай хуваалцлаа

Монгол Улс, Улаанбаатар хот – Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн Яам (УУХҮЯ), Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА)-тай хамтран “Оюу толгой” компани Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны (ХАБ)-ын ажилтнууд, уурхайн удирдлагууд, нутгийн иргэдэд зориулан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт-өдөрлөг зохион байгууллаа. Уг өдөрлөгийг УУХҮЯ-ны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Геологийн хэлтсийн дарга А.Дэлгэрсайхан нээсэн ба МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Д.Энхболд “Хариуцлагатай уул уурхай” сэдвээр илтгэл тавьсан юм.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар мэдлэг, мэдээллийг танилцуулах, Оюу толгойн уурхайн цогцолборт хэвшүүлэн хэрэгжүүлдэг жишиг соёлыг түгээн дэлгэрүүлэх, туршлага хуваалцах зорилгоор тус сумд үйл ажиллагаа явуулж буй албан ёсны бүртгэлтэй болон бичил уурхайн нийт 19 төлөөллийн дунд урьдчилан судалгааг явуулж, сургалтын хөтөлбөрийг боловсруулсан. Түүнчлэн эрсдэл таниулах бодит үзүүлэн, хэрэглэгдэхүүн, орчин үеийн технологид суурилан сургалтаа явуулснаараа онцлог болов.


“Оюу толгой” компанийн Гүний уурхайн сургалтын багийн 20 гаруй гишүүнтэй бүрэлдэхүүн орон нутгийн иргэд, уул уурхайн компаниудын ажилтнуудад аюул, осолгүй ажиллах багийг хэрхэн бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, ашиглалт, эрсдэлийн удирдлага, ажил амралтаа зохицуулах, өргөх хэрэгслийн аюулгүй ажиллагааны талаар танилцуулсан. Мөн тус сумын ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголтын зөвлөгөө, цэцэрлэгийн багачуудад насны онцлогт нь тохирсон аюулгүй ажиллагааны мэдээллийг тус тус хүргэлээ. Өдөрлөгт нийтдээ 400 гаруй иргэн оролцож ажил, амьдралдаа хэрэглэж болохуйц мэдлэг, мэдээллийг орчин үеийн дэвшилтэт технологиор дамжуулан хүлээн авсандаа баяртай байгаагаа энэ дашрамд илэрхийлж байлаа.

Өмнө нь “Оюу толгой” компани Онцгой Байдлын Ерөнхий Газартай хамтарсан “Аврагчаа аваръя” ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх төслийн хүрээнд Заамар сумын гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэгт гал унтраах зориулалтын хамгаалалтын хувцас, хэрэгсэл гардуулан өгч байсан юм. Аюулгүй ажиллагааг тэргүүн зорилтоо болгож, энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч Монгол уурхайн хувиар бид сурсан мэдсэн, сайн туршлагаа мөр зэрэгцэн ажиллаж буй уурхайчидтайгаа хуваалцахдаа ямагт баяртай байх болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.