Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

"Оюу толгой" компани говийн бүсийн ургамлын аймгийн судалгаа, хамгаалалд хувь нэмрээ оруулж байна

Монгол Улс, Даланзадгад,

“Оюу толгой” компани дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг тохиолдуулан Байгаль орчин аялал жуулчлалын яам, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, “Амин хэлхээ байгаль” сантай хамтран Өмнөговь аймгийн Даланзадгадад 6 сарын 17, 18 – ны өдрүүдэд Ургамал оршихуйд амьдрал оршихуй - 2019 “Говийн бүсийн ургамлын аймгийн судалгаа, хамгаалал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.

1992 онд батлагдсан Рио Де Жанейрогийн “Биологийн олон янз байдал”-ын конвенцид дэлхийн 160 орноос Монгол Улс 30 дахь орноор нэгдэн орсон. Мөн уур амьсгалын өөрчлөлтөд өртөгдөж буй дэлхийн найм дахь улсаар бүртгэгдсэн эмзэг эко системтэй орон. Ялангуяа Монгол орны нутгийн урд хэсэг буюу говийн хэсэг нь биологийн олон янз байдлын хувьд баялаг төдийгүй дэлхийд ховор хөхтөн амьтан, ургамлын зүйлүүдийн чухал амьдрах орчин болдог. Гэвч дэд бүтцийн сул хөгжил, уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагаа болон уур амьсгалын өөрчлөлт зэрэг нь өмнийн говийн биологийн олон янз байдалд сөргөөр нөлөөлж, улмаар ургамлын аймгийн төрөл зүйл хомсдолд орж, устах аюул нүүрлээд байна.


Хариуцлагатай уул уурхайн жишгээр “Оюу толгой” компани цөл, цөлөрхөг хээрийн бүс нутагт ургадаг байгалийн ургамлыг тарималжуулах, хамгаалах, үржүүлэх, уул уурхай, олборлолтын зориулалтаар ашигласан газар талбайг нөхөн сэргээх зорилгоор “Байгалийн ургамлын үржүүлгийн газар”-ыг Өмнөговь аймгийн Ханбогд сумд бий болгосон. Тус үржүүлгийн газарт 2011 оноос хойш ургуулсан 131 мянган сөөгөн ургамлын тарьц суулгац, 95 мянга гаруй модлог ургамлын суулгацыг уурхайн үйл ажиллагаагаар хөндөгдсөн талбайг нөхөн сэргээх болон төв суурин газрын тохижилт, ногоон байгууламж байгуулах зориулалтаар ашиглаад байна. Мөн өнөөдрийн байдлаар “Оюу толгой” компани 1,520 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 410 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийгээд байгаа билээ.

Эрдэм шинжилгээний бага хурал нь өмнийн говийн бүсийн биологийн олон янз байдлын чиглэлээр хийгдэж буй судалгааны ажлуудын үр дүнг олон нийтэд хүргэх, судалгаа шинжилгээнд суурилсан хамгааллын арга хэмжээг оновчтой төлөвлөх, төрөөс болон орон нутгаас биологийн олон янз байдлын талаар баримталж буй бодлого, цаашлаад бүс нутгийн хэмжээнд биологийн олон янз байдалд тулгамдаж буй асуудлыг төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран тодорхойлж, байгаль хамгааллын үйл ажиллагаанд талуудыг татан оролцуулах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх ач холбогдолтой.

Тус бага хуралд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, орон нутгийн засаг захиргааны байгууллага, бусад аймгуудын төлөөлөл, байгалийн цогцолбор газруудын хамгаалалтын захиргаа, төрийн бус байгууллага, Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уурхайн компаниудын төлөөлөл зэрэг байгууллагуудын 150 орчим төлөөлөгчид оролцож, 35 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны илтгэлүүдтэй танилцаж хэлэлцүүлэг хийлээ.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.