Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” компани засгийн газарт техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хандивлав

Монгол Улс, Улаанбаатар хот,

Байгаль орчны хамгаалал, аюулгүй ажиллагааг эрхэмлэн дээдэлдэг “Оюу толгой” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол оронд тулгараад буй онцгой байдал, цаг зуурын хүндрэл бэрхшээлийг даван туулахад туслах зорилгоор Монгол Улсын Засгийн газарт ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалахад нь дэмжлэг болгон төрөл бүрийн техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хандивлах ёслол Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр болов.

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл ёслолыг нээж хэлэхдээ “Өнөөдөр энэ талбайд нэгэн чухал үйл явдал болж байна. Өнөө жил Монгол Улсын 13 аймаг, 56 сумын нутагт 140 гаруй удаа түймэр гарлаа. Үүний уршгаар 600 мянган га буюу Монголын ой бүхий талбайн 30 хувь түймэрт өртөж, өмнө нь тохиолдож байгаагүй гамшиг нүүрлээд байна. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бидний хүсэлтийг шуурхай хүлээн авч, хамгийн түрүүнд өгөөмөр гараа сунгаж, бусад аж ахуйн нэгжүүдийг энэхүү байгалийн гамшигтай тэмцэхэд тусламж үзүүлэхийг уриалан дуудсан “Оюу толгой” компанийн хамт олон болон Гүйцэтгэх захирал Армандо Торрес танд Засгийн газар, БОАЖЯ-ны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” гэлээ.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес хэлэхдээ “Манай компани үндэсний хэмжээний энэхүү ихээхэн хор хохирлыг даван туулах үйл ажиллагаанд оролцон зарим хэрэгцээт тусламжийг үзүүлж байгаадаа туйлын баяртай байна. Ой хээрийн түймэр нь гэр орон, мал аж ахуй , олон нийт, цаашлаад Монголын эдийн засагт ихээхэн хохирол учруулж байна. “Оюу толгой” компани аюулгүй ажиллагаа, түншлэлийн харилцааг эрхэмлэн дээдэлдэг билээ. Бид Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буйн хувьд гал сөнөөгч, цагдаа, байгаль хамгаалагч, түймэртэй тэмцэж байгаа бусад олон хүний аюулгүй байдлыг хангахад түншийнхээ үүргийг биелүүлэн оролцож байгаадаа баяртай байна. Энэ үйл явдал нь манай компанийн Монголын нийгэмд хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлж байгаагийн тод жишээ юм. “Оюутолгой” хэмээх их айлыг төлөөлөн энэхүү хандив, богино хугацааны түрээсийн машин, ачааны тэрэг, усны машин, хөнгөн тэрэг, бусад холбогдох тоног төхөөрөмж, хувийн хамгаалалтын хэрэгсэл зэргийг гардуулах боломж олдсонд туйлын баяртай байна. Хүнд нөхцөлд ажиллаж буй эрэлхэг зоригт эрчүүд, эмэгтэйчүүдэд талархлаа дахин илэрхийлье” хэмээн онцлов.

Тэрээр “Ланд крүйзэр” авто машин хоёр, хөдөлмөр хамгааллын хувцас 359, 30 метрийн урттай, америк стандартын галын шланг найм, нэг тоннын багтаамжтай усны хуванцар сав 200, зургаан тоннын багтаамжтай усны эвхэгддэг сав нэг, гал командын сунадаг шат хоёр, хүрз 35 ширхгийг тусламж болгон хандивласан тухай БАТЛАМЖИЙГ Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл-БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлд гардуулав.

Мөн “Ланд крүйзэр” авто машин, 12 тоннын багтаамжтай усны машин, тэвштэй ачааны авто машин тус бүр нэгийг ой хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр сарын хугацаагаар түр ашиглуулахаар хүлээлгэн өгөв. Хандивлах ёслолд БОАЖЯ, ОБЕГ, Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Тусгай хамгаалалттай зарим газрын удирдлага оролцов.

“Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаас энэ сарын 18-нд 53 сая төгрөгийн үнэ бүхий хувцас, хэрэглэлийг ОБЕГ-т хүлээлгэн өгсөн юм.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.