Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” компани нэг сая тонн зэсийн баяжмал экспортолсон амжилтаа ёслон тэмдэглэв

Монгол улс, Улаанбаатар хот – Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто групп, нэг сая тонн зэсийн баяжмал экспортолсон “Оюу толгой” ХХК-ийн амжилтыг хамтдаа ёслон тэмдэглэв.

Өмнийн говь дахь Оюу толгойн уурхай дээр болсон уг ёслолын арга хэмжээнд Уул уурхайн сайд Р.Жигжид, Рио Тинто группын Гүйцэтгэх захирал Сэм Уолш болон Рио Тинтогийн Зэс, Нүүрсний группын Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак нар оролцлоо.

Монгол Улсын хамгийн том зэс, алтны Оюу толгой уурхай нь хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, аюулгүй байдал, техник технологи, байгаль орчин, менежмент, ханган нийлүүлэлт, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартуудыг нэвтрүүлэх зэргээр тус улсад үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байна.

Оюу толгой нь 2010 оноос хойш төслийн бүтээн байгуулалтад 6.4 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 1.3 тэрбум гаруй ам.долларыг Монгол Улсын Засгийн газарт татвар, рояалти болон бусад төлбөр, хураамж хэлбэрээр төлөөд байна. Өнгөрсөн 2014 онд гэхэд Монголын ханган нийлүүлэгч компаниудаас 300 сая ам.долларын худалдан авалт хийж, 7.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг боловсрол, сургалт, тогтвортой хөгжлийн төслүүдэд зарцуулаад байна.


Рио Тинто группын Гүйцэтгэх захирал Сэм Уолш хэлэхдээ “Оюу толгойн ил уурхайн үйл ажиллагаатай биеэр танилцаж, Монгол ажилчдын хийж бүтээсэн амжилтыг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрлөө. Хоёр жил хүрэхгүй хугацаанд нэг сая тонн зэсийн баяжмалыг экспортод гаргана гэдэг нь үйл ажиллагаагаа эхлээд удаагүй Оюу толгойн хувьд томоохон тэмдэглэлт үйл явдал юм. Энэ амжилтын нэгээхэн хэсэг нь болж байгаадаа бид баяртай байна” гэлээ.

Монгол Улсын Уул уурхайн сайд Р.Жигжид хэлэхдээ“ Оюу толгой нь Монгол Улсын үндэсний үнэт баялаг билээ. Өнөөдрийн энэхүү амжилт нь Оюу толгойн нийт ажилтан, түүний 95 хувийг бүрдүүлдэг Монголчуудын маань нөр их хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн юм. Оюу толгой цаашид алхам алхамаар улам бэхжиж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд урт хугацааны турш хувь нэмрээ оруулна гэдэгт би итгэлтэй байна. Миний бие энэхүү тэмдэглэлт баярын халуун мэндийг Оюу толгойн удирдлагууд болон нийт ажилтан, ажиллагсдад чин сэтгэлээсээ хүргэж байна” гэлээ.

“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх хэлэхдээ “Уул уурхайн сайд Р.Жигжид болон Рио Тинто группын Гүйцэтгэх захирал Сэм Уолш нарыг Оюу толгойн уурхайд хүлээн авч байгаа нь бид бүхний хувьд нэр төрийн хэрэг юм. Бид энэ түүхэн тэмдэглэлт үеэр өөрсдийнхөө үйл ажиллагааг танилцуулж, ажилчдынхаа өндөр ур чадварыг харуулах боломж гарлаа. Цаашид илүү үр бүтээлтэй ажиллаж, хөгжин дэвших бат бөх суурь бүрдэж байна” гэж хэллээ.

Энэ ёслол дээр “Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Бидний энэ амжилт бол аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоож, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах бидний эрхэм зорилгыг илүү тодорхой харуулж байна. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Р.Жигжид сайд энэ чухал үйл явдлыг бидэнтэй хамт тэмдэглэж байгаад баяртай байна” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.