Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” компани, НҮБ-ын Хүн амын сан хамтран “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр” хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

Улаанбаатар хот, Монгол улс – “Оюу толгой” ХХК-ийн Үйлдвэрлэл хариуцсан захирал Айван Велла, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара нар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Залуучуудын хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх хамтарсан гэрээнд гарын үсэг зурлаа.

Хоёр байгууллагаас Залуучуудын хөгжлийн төвийг Ханбогд сумд байгуулахаар тохирлоо. Энэ төв нь залуучуудад сонирхолтой, таатай орчинд амьдралд нь хэрэгтэй ур чадварын сургалтаар хангах, залуучуудын ажил эрхлэлтэд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг өгөх, нөхөн үржихүйн эрүүл мэнд, боловсрол, харилцаа, сэтгэл зүйн чиглэлээр зөвлөгөө өгөх зорилготой юм. Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, “Оюу толгой” компанийн түншлэл үүссэнээр хувийн хэвшил, хөгжлийн тусламжийн чиглэлээр ажиллаж байгаа хоёр байгууллага хамтран ажиллах боллоо. Ийм төрлийн шинэлэг хамтын ажиллагаа НҮБ-ын агентлагийн хувьд анхных нь юм.

Гарын үсэг зурах үеэр НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара “Хөтөлбөрөөр залуучуудад амьдралд нь хэрэгтэй ур чадвар эзэмшүүлэх, бие даасан, эерэг сэтгэлгээтэй, хариуцлагатай хүн болоход туслах зорилготой. Энэ зорилгодоо хүрэх чухал хэрэгсэл нь Залуучуудын хөгжлийн төв юм” гэлээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон талаар “Оюу толгой” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Айван Велла “Монголд олон жил ажилласан хүний хувьд Монголын залуучуудад дэлхийн түвшний чадавхи байгаа гэдгийг сайтар ойлголоо. Өнгөрсөн хугацаанд “Оюу толгой” компани ур чадвар, мэдлэг олгох чухал хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулж ирсэн. Бид Залуучуудын хөгжлийн төв Монголын хөгжлийг дэмжих чухал хэрэгсэл болно гэдэгт итгэлтэй байна. НҮБ-ын Хүн амын сантай хамтарч энэ чухал төслийг хэрэгжүүлж байгаадаа бахархаж байна” хэмээн ярилаа.

Одоогийн байдлаар НҮБ-ын Хүн амын сан болон Монгол улсын Засгийн газар, Швейцарын хөгжил, хамтын ажиллагааны агентлаг, Люксембург улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр Монголд Залуучуудын хөгжлийн 12 төв байгуулсан юм. Эдгээр төвүүд залуучуудыг илүү бие даасан, эерэг сэтгэлгээтэй, хариуцлагатай болгохын төлөө ажиллаж байна.

Хоёр байгууллагын түншлэлийн талаар хатагтай Китахара “Оюу толгой компани орон нутгийн мэргэжлийн боловсролын сургалтын төвийн чиглэлд маш чухал хувь нэмэр оруулсан. Үүн дээр НҮБ-ын Хүн амын сангийн залуучууд, жендер, өсвөр насны хүүхдийн эрүүл мэндийн чиглэлийн туршлагыг нэмснээр бид Ханбогдын залуучуудын амьдралд асар их өөрчлөлт авчрах боломж бий гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.