Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

"Оюу толгой" компани, НҮБ-ын Хүүхдийн Сан хүүхдийн эрхийг хангахын төлөө хамтран ажиллана

Монгол Улс, Улаанбаатар хот - “Оюу толгой” компани, НҮБ-ын Хүүхдийн Сан Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах, хангахын төлөө, хамтран ажиллах саналдгарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй бүс нутагт хүүхдийн эрхийг хангах, тэр дундаа шилжин суурьшилтаас үүдэн хүүхдэд үзүүлэх нөлөөллийг бууруулахад хамтран ажиллах юм. НҮБ-ын Хүүхдийн Сангаас өнгөрсөн жил хийсэн “Уул уурхайг дагасан шилжин суурьшилт, Монголын хүүхдүүдэд үзүүлэх нөлөөлөл” сэдэвт чанарын судалгаагаар хүн амын шилжин суурьшилтын нөлөөнд хүүхдүүд хамгийн ихээр өртдөг нь тогтоогдсон юм.

“Оюу толгой” компани уг судалгааг дэмжин оролцсон бөгөөд уул уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн шилжин суурьшилт, түүний хүүхдэд үзүүлэх нөлөөллийг бууруулахад онцгой анхаарч байна. Талууд орон нутагт хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангах талаар хамтран ажиллах бөгөөд хамтын ажиллагааны гол чиглэл нь:

  • Хүүхдэд ээлтэй орон нутгийг хөгжүүлэх
  • Хүүхэд ба гэр бүлийн нийгмийн асуудлыг сайжруулах хүрээнд ажлын байрны дэмжлэг болон нэмүү өртгийн үнэ цэнэ бий болгох сүлжээний менежментийг бэхжүүлэх
  • Талуудын оролцоог нэмэгдүүлэх
  • Шилжин суурьшилт ба хүн амын өсөлтийг урьдчилан тооцоолох талаар суурь мэдээ, мэдээллийг нэмэгдүүлэх, ингэснээр хүүхдийн эрхэд үзүүлэх нөлөөллийг зохистой удирдахад дэмжлэг үзүүлэх

“Уул уурхайн салбарын хөгжил Монгол Улсын эдийн засаг, нийгэмд үр өгөөжөө өгсөөр байгаа. Ингэхдээ энэ үр өгөөжийг хүүхэд бүрд тэгш хүртээх, уул уурхайн үйл ажиллагаанаас хүүхдэд учирч болох аливаа нөлөөллийг ойлгох, бууруулахад илүү ихийг хийх боломж байгаа гэж НҮБ-ын Хүүхдийн Сан үзэж байна.Хувийн хэвшил нь ажилчид, тэдний үр хүүхэд, ажиллаж буй нийгэм, орон нутаг руугаа чиглэсэн нийгмийн хариуцлагатай бодлого явуулснаар хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад онцгой чухал үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой. Өнөөдрийн энэ үйл явдал манай хоёр байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлээд зогсохгүй хүүхдийн төлөө ажиллах чин хүсэл эрмэлзэл, бизнесүүд хүүхдийн сайн сайхны төлөө илүү ихийг хийж болохыг харуулж байна” гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлэв.


“Оюу толгой” компанийн Бүтэц, зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежер Лаура Томас “Оюу толгой компани өөрийн түншлэгч сумдад хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангахад бүх чиглэлээр ажиллах болно. Бид НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Оюу толгойн үйл ажиллагаа явуулж буй орон нутагт хүүхдийн эрхийн байдлыг улам бүр сайжруулахад ажиллахаар болсон нь тун завшаантай явдал болж байна” гэж тэмдэглэв.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.