Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

"Оюу толгой" компани Онцгой Байдлын Ерөнхий Газартай хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Монгол Улс, Улаанбаатар хот,

Онцгой байдлын ерөнхий газар, “Оюу толгой” ХХК-тай гамшгаас хамгаалах, гамшгийн үед хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес нар гарын үсэг зурсан юм.

Хамтын ажиллагааны хүрээнд “Оюу толгой” ХХК-ийн уурхайн талбайд тохиолдож болзошгүй гамшиг, үйлдвэрлэлийн осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшиг, үйлдвэрлэлийн томоохон осол тохиолдсон үед гамшигтай тэмцэх ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, төрийн бусад байгууллагын туслалцаа, дэмжлэгийг шуурхай авах, гамшигтай тэмцэх талаар сургалт зохион байгуулах, харилцан туршлага солилцоно.

Мөн мэргэжлийн анги, аврах багуудын үйл ажиллагааны журмыг хамтран боловсруулж хэрэгжүүлэх юм.

Дашрамд дурдахад, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид, Оюу толгойн гүний уурхайн аврах багтай туршлага солилцох хөтөлбөрийн хүрээнд уурхайн гүнд цуврал сургалтыг зохион байгуулж, харилцан туршлага солилцож байсан.

Мөн Оюу толгойн Гэнэтийн ослын багийн хамт олон өөрсдийн санаачилгаар хандив цуглуулж, дунд оврын автомашин худалдан авч, гал унтраах төхөөрөмжөөр тоноглон Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангид хандивласан.

Түүнчлэн “Оюу толгой” компани сайн дурын аврагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилготой “Аврагчдаа аваръя” ой, хээрийн гал түймрээс сэргийлэх төсөлд нэгдэж зориулалтын хувцас хэрэгсэл мөн хандивлаж байсан зэргээр Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг дэмжин, хамтран ажилладаг юм.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.