Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

​“Оюу толгой” компани сайн дурын аврагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үйлст нэгдэж, хамтран ажиллаа

Австралийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн “Эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрт оролцогчдын санаачлан хэрэгжүүлсэн “Аврагчдаа аваръя” ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх төслийн хүрээнд сайн дурын аврагчдад зориулсан галд тэсвэртэй хөдөлмөр хамгааллын хувцас гардуулах ёслолын өчигдөр (2018.08.20) Төв аймгийн Зуунмод сумд амжилттай болж өнгөрлөө.
“Оюу толгой” компанийн хувьд хүний эрүүл мэнд, аюулгүй байдал нэн тэргүүнд тавигддаг. Тийм ч учраас бид Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлсэн уг төслийг 12’000’000 (арван хоёр сая) төгрөгөөр санхүүжүүлэн, дэмжиж ажилласан юм.
Төслийн хүрээнд Төв аймгийн Заамар сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын сайн дурын аврагчдад зориулан галд тэсвэртэй хувцас хандивлахаар төлөвлөсний эхнийх нь энэ өдөр тохиож, Заамар сумын Засаг Дарга Б. Сумъяад хамгаалалтын хувцсыг хүлээлгэн өглөө.
Уг ёслолд “Оюу толгой” компанийн Орон нутгийн харилцаа эрхэлсэн захирал Ш. Байгалмаа, Австрали улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Жон Лангтри, Төв аймгийн засаг дарга бөгөөд аймгийн онцгой комиссын Дарга Б.Батжаргал, мөн төслийн багийн гишүүд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцсон юм.
Аливаа эрсдэлтэй ажлын орчинд аюулгүй ажиллагааны хувцас хэрэгсэл гэдэг бол амин чухал зүйл байдаг. Ой хээрийн түймэртэй газар дээр нь тэмцэж, ажилладаг сайн дурын аврагчдын нөхцөл байдлыг ойлгож, зориулалтын хувцсаар хангаж байгаад орон нутгийн удирдлагууд талархаж буйгаа илэрхийлж байсан юм.


“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.