Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” компани уул уурхайн салбарын баруун бүсийн нээлттэй өдөрлөгт оролцлоо

Ховд аймаг, Жаргалант сум – “Оюу толгой” компани Ховд аймгийн Жаргалант сумд болсон уул уурхайн салбарын баруун бүсийн нээлттэй өдөрлөгт оролцож баруун бүсийн иргэдэд компанийн үйл ажиллагаа, эдийн засгийн үр өгөөж, нийгэмд үзүүлж буй үр нөлөө зэрэг өргөн сэдвээр иргэдэд мэдээлэл хүргэлээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газар хамтран зохион байгуулсан уг өдөрлөгт “Оюу толгой” компаниас гадна “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс-Таван толгой” зэрэг уул уурхайн томоохон компаниуд оролцсон юм.


“Оюу толгой”-н асрыг зоригсод компаниас хэрэгжүүлдэг, залууст зориулсан тэтгэлэгт болон бусад хөтөлбөрүүд, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийж буй ажлууд, худалдан авах үйл ажиллагаа, баяжмал үйлдвэрлэлийн талаар сонирхон асууж байв. Мөн энэ үеэр “Монголд үйлдвэрлэв” бодлогын хүрээнд дотоодын ханган нийлүүлэгч компаниудын үйлдвэрлэн нийлүүлж буй гутал, бээлий, оймс, хувцас, нүдний шил, баяжмалын уут зэрэг бараа бүтээгдэхүүний дээжийг үзүүлэнгээр танилцуулж, иргэдийг гүний уурхайн виртуал орчинд аялууллаа.

Нээлттэй өдөрлөгийн үеэр орон нутгийн төрийн албан хаагчдын уул уурхай, байгаль орчны салбарын бодлого, хууль тогтоомжийн талаарх мэргэжил, арга зүйн чадавхыг нэмэгдүүлэх, бодлого хэрэгжүүлэх явцад тулгарч буй асуудлууд, тэдгээрийг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцох, зөвлөлдөх зорилго бүхий хоёр өдрийн сургалт, хэлэлцүүлэг болсон юм. Сургалтын төгсгөлд уул уурхайн компани, аж ахуй нэгжүүдийн сайн туршлагаасаа хуваалцсан бөгөөд “Оюу толгой” компаниас байгаль орчныг хамгаалах чиглэлээр болон хариуцлагатай уул уурхайн жишиг дагуу авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ олон нийтэд танилцууллаа.


Нэмэлт мэдээлэл
 “Оюу толгой” компани дотоодын, гадаадын, орон нутгийн зэрэг тэтгэлэгт хөтөлбөртөө 2010 оноос хойш 1000 орчим оюутныг хамруулсан. Түүнчлэн Дадлагажигч оюутан, Залуусын хөгжлийн хөтөлбөрүүддээ 1500 гаруй залуусыг хамруулаад байна. Тэтгэлэгт хөтөлбөрүүд жил бүрийн 5-9 дүгээр сард www.ot.mn цахим хуудсаар зарлагддаг.

 “Оюу толгой” компани 2018 онд 898 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 618 нь үндэсний компани юм. Үйл ажиллагааны худалдан авалтын 78 хувийг эдгээр компанид зарцуулав. 2010-2019 онд үндэсний худалдан авалтад 2.8 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан.
 “Оюу толгой” компани Ханбогд сум дахь Байгалийн ургамлын үржүүлгийн газартаа 2011 оноос хойш 131 мянган сөөгөн ургамал, 95 мянга гаруй модлог ургамал суулгаж ургуулаад байна. Эдгээр суулгацыг уурхайн үйл ажиллагаагаар хөндөгдсөн талбайг нөхөн сэргээх болон төв суурин газрын тохижилт, ногоон байгууламж байгуулах зориулалтаар ашиглаж буй. Мөн өнөөдрийн байдлаар “Оюу толгой” компани 1,520 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 410 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийгээд байна.
 Гүний уурхайн бүтээн байгуулалтын төсөл 2018 онд амжилттай урагшилж, 5 дугаар босоо амны агааржуулалт, дэлхийд томоохонд тооцогдох 2 дугаар босоо амны нэвтрэлт тоноглолыг бүрэн дуусгасан гэхчлэн хэд хэдэн нэн чухал барилга байгууламжийг барьж бэлэн болголоо. Нарийвчилсан инженерингийн зураг, төслийн ажил дуусах шатандаа орсон бөгөөд нийт барилга угсралтын ажил 54 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.