Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” компани “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа” шагнал хүртлээ

Монгол Улс, Улаанбаатар хот,

Монгол улс, Улаанбаатар хот - Өнгөрсөн долоо хоногт уул уурхайн салбарын оны шилдгийг шалгаруулах “Mining Journal Awards” арга хэмжээ тав дахь жилдээ зохион байгуулагдаж “Оюу толгой” компани “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа” номинацийн тэргүүн шагналыг хүртлээ.

“Оюу толгой” компани аюулгүй ажиллагаанд нэн тэргүүний ач холбогдол өгч, бүх оролцогч талуудад урт хугацаанд хүртэх үр ашгийг нэмэгдүүлэн, байгаль орчныг хамгаалахад анхаарах зэргээр үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадалд хариуцлагатай замаар шилжсэнийг үнэлж уг шагналыг гардуулсан билээ.

“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй энэ шагналын тухай дурдахдаа “Оюу толгойг аюулгүй, хариуцлагатай замаар ажиллуулах нь бидний үйл ажиллагааны гол хэсэг юм. Энэхүү шагнал хүртэж байгаа нь манай компанийн нийт хамт олны хичээл зүтгэлийн үр дүн билээ. Бид энэ арга барилаа цаашид ч баримтлан, Монгол Улс цэцэглэн хөгжихөд хувь нэмрээ оруулах, бүх оролцогч талуудад үр өгөөжөө өгөх, дэлхийд өрсөлдөхүйц компанийг бий болгохын төлөө ажиллана. Ингэснээр бидний үйл ажиллагаа олон арван жилийн турш тогтвортой үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Бүтээн байгуулалтын үе шатаас тогтвортой үйлдвэрлэл рүү шилжих ажлын хүрээнд, “Оюу толгой” компани олон улсын стандартын эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны менежментийн системүүдийг тогтоон хэрэгжүүлж, холбогдох гэрчилгээ авсан билээ.

2011 оноос эхэлсэн “Mining Journal Awards” арга хэмжээ нь Монголын уул уурхайн салбарын хөгжил дэвшлийг үнэлж ирсэн бөгөөд ялангуяа салбарын хэмжээнд шилдэг техник технологи нэвтрүүлэх, байгаль орчны менежмент, тогтвортой үйл ажиллагаанд гол анхаарал өгдөг. Өнгөрсөн жил “Оюу толгой” компанид өмнийн говийн байгаль орчинг хамгаалж, шилдэг технологи нэвтрүүлсэнийг үнэлж “Шилдэг эко уурхай” шагнал олгосон юм.

Mongolian Mining Journal сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Л.Болормаа Блю Скай цамхагт болсон арга хэмжээний нээлтийн үгэндээ “Энэхүү шагнал нь манай салбарын бүтээлч хүмүүст зориулагдаж байгаа юм. 2014 он бол ололт, амжилт ихтэй жил байлаа. Нэр дэвшсэн компани бүр эдийн засгийн хямралын тухай биш, харин хямралыг даван туулахын төлөө амжилттай ажиллаж буйгаа танилцуулж байна” гэж онцоллоо.

Энэ жилийн шагналууд Монголын уул уурхайн компаниудын ололт амжилтыг “Шилдэг уурхай”, “Шилдэг технологи”,Шилдэг эко уурхай”, “Тогтвортой үйлдвэрлэл” болон “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа” гэсэн таван номинациар үнэлж шалгаруулсан юм.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.