Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

"Оюу толгой” компани үйл ажиллагаагаа танилцуулах нээлттэй өдөрлөгийг Даланзадгад хотноо зохион байгууллаа.

“Оюу толгой” компани үйл ажиллагаагаа танилцуулах нээлттэй өдөрлөгийг Даланзадгад хотноо Батмөнх Даян Хааны талбайд амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийг нээн Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, ИТХ-ын дарга Х.Сугир, “Оюу толгой” ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Тим Экэрсли нар үг хэллээ. Өдөрлөгийн үеэр орон нутгийн иргэдэд хөдөлмөр эрхлэлт, ханган нийлүүлэлт, “Оюу толгой” ХХК болон гэрээт компианиудын үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэн, Оюу толгойн гэрээт компаниуд нээлттэй ажлын байруудад анкет хүлээн авлаа.

Мөн энэ өдөр “Биологийн төрөл зүйлийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах гэрээ”-нд Өмнөговь аймгийн засаг даргын орлогч С.Мөнхбаяр, “Оюу толгой” ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Тим Экэрсли нар гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь сүүлийн гурван жилд хэрэгжиж буй “Хууль бус антай тэмцэх” төслийн арга хэмжээг улам бэхжүүлэх, талуудын оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


Мөн орон нутгийн сургалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хэсгүүдийн 2018 оны Хамтран ажиллах төлөвлөгөөнд Орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн ажлын хэсгийн ахлагч, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, “Оюу толгой” ХХК-ийн Боловсон хүчин бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер Лаура Томас нар гарын үсэг зурлаа.

Өдөрлөгт “Оюу толгойн” гэрээт ханган нийлүүлэгч 30 орчим байгууллага оролцсон ба Өмнөговь аймгаас Оюу толгойд ажиллаж буй 2,600 гаруй ажилчдын төлөөлөл өөрсдийн ажлын туршлага, амжилтын түүхээс олон нийттэй хуваалцлаа.

Өдөрлөгийн төгсгөлд Оюу толгой болон тус компанийн ханган нийлүүлэгч гурван компанийг нийт 1,721 ажлын байрыг шинээр Өмнөговь аймагт бий болгосныг нь үнэлж Өмнөговь аймгийн ИТХ-аас 2017 оны “Шилдэг Ажил Олгогч Аж Ахуйн Нэгж Байгууллага”-аар өргөмжиллөө. Үүнд:

- 218 ажлын байр шинээр бий болгосон Ханбогд Хурд ХХК
- 238 ажлын байр шинээр бий болгосон Даян Контракт Майнинг ХХК
- 900 ажлын байр шинээр бий болгосон Саппорт Сервис Монголиа ХХК
- 365 ажлын байр шинээр бий болгосон 'Оюу толгой' ХХК-г шалгаруулан тус тус өргөмжлөл гардууллаа.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.