Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” компани үндэсний тэргүүлэгч компаниудтай хамтран амжилтаа тэмдэглэлээ


Монгол улс, Улаанбаатар хот – “Оюу толгой” компани шилдэг ханган нийлүүлэгчдээ тодруулах зургаа дахь удаагийн “Эрдэнийн говь” ёслолын ажиллагааг энэ пүрэв гаригт Дуурь бүжгийн эрдмийн театрт ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Тус арга хэмжээнд төр, засгийн албаны хүмүүс, Өмнөговь аймаг болон орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн холбоодын төлөөлөгчид болон ханган нийлүүлэгчид оролцов.

Шилдэг ханган нийлүүлэгчдийг өнгөрсөн онд гаргасан амжилт бүтээлээр нь үнэлж аюулгүй ажиллагааны үзүүлэлтүүд, бизнесийн өсөлт хөгжил, нийгмийн хариуцлага, нийлүүлэлтийн сүлжээг сайжруулсан байдал, орон нутгийн шилдэг ханган нийлүүлэгч болон шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч зэргээр нийт найман төрөлд нэр дэвшүүлж, шалгаруулсан юм. Энэхүү арга хэмжээ нь зөвхөн шилдэг найман ханган нийлүүлэгчийг тодруулаад зогсохгүй Монголын бизнес, аж үйлдвэрийн салбар тухайлбал, уул уурхайгаас тээвэр зууч, хүнсний үйлдвэрлэлээс иргэний нисэх хүртэл бүхий л бизнесийн салбарын ололт, амжилтыг тэмдэглэсэн үйл явдал боллоо.

“Оюу толгой” компани өнгөрсөн онд 800 гаруй үндэсний ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд тэдний цаана 35,000 гаруй ажиллагсад, тэдгээрийн ар гэр байж, бидний хамтын амжилтын түшиг тулгуур болж байна. 2014 онд “Оюу толгой” компани 457 сая ам.долларын дотоодын худалдан авалт хийсэн нь үйл ажиллагааны нийт зардлын 77 хувь болж байгаагийн зэрэгцээ 301 сая ам.доллар буюу 51 хувийг үндэсний ханган нийлүүлэгчдэд зарцуулаад байна. Мөн Өмнөговь аймгийн хэмжээнд хийсэн худалдан авалтын дүн 2010 онтой харьцуулахад 28 дахин өссөн бөгөөд 2014 оны эцсийн дүнгээр 42 сая ам.долларт хүрчээ.

“Эрдэнийн говь-2014” цомын эзэд:

  • Аюулгүй ажиллагааг эрхэмлэгч – “Батс Өргөө” ХХК
  • Бизнесээ өргөжүүлэн сайжруулагч – Монгол Улсын Геологийн Төв Лаборатори
  • Нийгмийн хариуцлагыг эрхэмлэгч – “Аэро Монголиа” ХХК
  • Нийлүүлэлтийн сүлжээг сайжруулагч – “Вейр Минералс Монголиа” ХХК
  • Өмнөговийн шилдэг ханган нийлүүлэгч – “Говь Гурван Сайхан” ХХК
  • Ханбогдын шилдэг ханган нийлүүлэгч – “Ханбогд Хурд” ХХК
  • Шилдэг шинэ ханган нийлүүлэгч – “МИАТ” ХК
  • Гран При – “Суппорт Сервизэс Монголиа” ХХК

“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Бид ханган нийлүүлэгчдийнхээ хамтаар нэг зорилгын төлөө явж буй хамтран зүтгэгчид гэдгээ бүрэн ухамсарлан ажилладаг. Шилдэг ханган нийлүүлэгчдийнхээ амжилтыг ийнхүү тэмдэглэж буй нь манай компанийн алсын хараа болох эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэх их үйлсийг ажил хэрэг болгон хамтдаа хөгжиж буйн нэг илрэл юм. Манайд ханган нийлүүлэлт хийж буй дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа дэлхийн жишигт хүрч, уул уурхайн салбарын үйл ажиллагаа, боловсон хүчин нь олон улсын түвшинд өрсөлдөхүйц болж буй зургаа дахь жилийг бид хамтдаа тэмдэглэж байна. Үндэсний компаниуд олноор төрөн гарч чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг зөвхөн “Оюу толгой”-д төдийгүй дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж буйг харахад нэн таатай байна” хэмээн цохон тэмдэглэлээ.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.