Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

"Оюу толгой" компани Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөрийг дэмжлээ

Монгол Улс, Даланзадгад,

“Оюу толгой” компани НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн 5.01 сая ам.долларын нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

2018 оноос хэрэгжиж эхэлсэн дөрвөн жилийн турш үргэлжлэх “Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөр”-ийг “Оюу толгой” компани 1,754,000 (нэг сая долоон зуун тавин дөрвөн мянган америк доллар) ам.доллараар санхүүжүүлж байна.

Энэ нь “Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гаас хэрэгжүүлж буй шинэ хөтөлбөр бөгөөд тус сан 2015 оноос хойш орон нутгийн тогтвортой хөгжилд чиглэсэн нийт 45.2 тэрбум төгрөгийн төсөв бүхий 83 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна.


“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Өмнөговь аймгийн иргэдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг дээшлүүлэхэд онцгой ач холбогдол бүхий энэхүү нэгдсэн хөтөлбөрийг дэмжиж байгаадаа бид туйлын бахархалтай байна. Нэгэн зорилгын дор эдгээр олон байгууллагатай түншилж бүгд өөрсдийн боломжит чадамжаа нэгтгэн ашиглах боломжтой” гэдгийг цохон тэмдэглэв.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэмжлэгтэй арга зүйг ашиглан хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагатай хамтран аймаг, сумын түвшинд мэргэжилтэн, сургагч багш, үйлчилгээ үзүүлэгчид, менежерүүдийн чадавх бэхжүүлэх, шинэлэг арга технологи нэвтрүүлэх юм.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд эхийн эндэгдлийг бууруулах, нэн ялангуяа урьдчилан сэргийлэх боломжтой эхийн эндэгдлийг тэглэх; өсвөр насны охидын төрөлтийг түвшнийг багасгах, осол гэмтлийн түвшнийг улсын дунджаас буулгах зэрэг мэдэгдэхүйц нөлөө бүхий үр дүнд хүрэхээр зорьж байна.

Энэ удаагийн ээлжит Удирдах хорооны хуралд хөтөлбөрийн түншлэгч байгууллагуудын төлөөлөл, Өмнөговь аймгийн удирдлага, НҮБ-ын Хүүхдийн сан, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны төлөөллүүд оролцлоо.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.