Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

"Оюу толгой" компани 2015 оны гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа

Монгол Улс, Улаанбаатар хот,

“Оюу толгой” ХХК 2015 оны 4 дүгээр улирал болон өнгөрсөн оны гүйцэтгэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа.

  • “Оюу толгой” компани 2015 онд аюулгүй ажиллагааны сайн гүйцэтгэлтэй ажиллаж, 200,000 цагт ногдох гэмтэл бэртлийн давтамжийг 0.33 болгож буурууллаа.
  • 2015 он нь “Оюу толгой”-н хувьд бүтэн үйлдвэрлэл явуулсан хоёр дахь жил бөгөөд уурхайн олон үзүүлэлтээр шинэ амжилт тогтоолоо.
  • “Оюу толгой” компани 2015 онд 819,800 тонн баяжмал борлуулж, 1.6 тэрбум ам.долларын орлого олсон. Борлуулсан баяжмалын хэмжээ өссөн боловч, дэлхийн зах зээлд зэс, алтны үнэ буурсан нь орлогын дүнд нөлөөллөө.
  • 2015 оны 4 дүгээр улиралд “Оюу толгой” компани 236,200 тонн баяжмал борлуулж, 355.6 сая ам.долларын орлого олсон нь баяжмал дахь металлын агуулга, зэс, алтны дэлхийн зах зээл дээрх үнийн бууралттай тус тус холбоотой байв.
  • Гүний уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байгаа бөгөөд 2016 оны 1 дүгээр улиралд багтаан техник, эдийн засгийн үндэслэлийн капитал хөрөнгийн зардлын тооцоог шинэчилж дуусгах төлөвтэй байна.
  • “Туркойз хилл” компанийн зүгээс шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэлийг батлах болон гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх мэдэгдлийг холбогдох компаниудын Төлөөлөн удирдах зөвлөл 2016 оны 2 дугаар улиралд багтан гаргана гэсэн төлвөө хэвээр хадгалж байна.
  • “Оюу толгой” уурхай 2015 онд баяжмал дэх металлын хувьд 202,200 тонн зэс, 653,000 унци алт үйлдвэрлэсэн нь “Туркойз хилл” компанийн төлвөөс даваа буюу, нийцэж байгаа болно.
  • “Оюу толгой” уурхай 2016 онд баяжмал дахь агуулгаар 175,000 - 195,000 тонн зэс, 210,000 - 260,000 унци алтыг үйлдвэрлэнэ гэж “Туркойз хилл” компани тооцож байна.

“Оюу толгой” компани үйл ажиллагааны чиглэл, нэгж бүрт аюулгүй ажиллагааг сайжруулахад төвлөрч, эрсдэл, гэмтлийг бууруулахын төлөө ажиллалаа. Ингэснээр компани 2015 онд аюулгүй ажиллагааны өндөр гүйцэтгэлтэй ажиллаж, 200,000 цагт ногдох гэмтэл бэртлийн давтамжийг 0.33 болгож буурууллаа.

“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Өнгөрөгч 2015 онд уул уурхайн салбар бүхэлдээ зах зээлийн таагүй нөхцөл байдал, түүхий эдийн үнийн уналттай тулгарсан. Энэ үед Оюу толгойн хамт олон аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоох зорилгодоо тууштай байж, бүтээмж нэмэгдүүлэх, зардал бууруулах чиглэлээр амжилттай ажилласан нь үйлдвэрлэл, үйл ажиллагааны гол үзүүлэлтүүдээс харагдаж байна.”

“Бид өөрсдийн үйл ажиллагаагаар Монгол Улс болон Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна. “Оюу толгой” компани 2015 онд 315 сая ам. долларын татвар, хураамжийг Монгол Улсын Засгийн газарт төлж, дотоодын 989 компанитай хамтран ажиллаж, Өмнөговь аймагт тогтвортой хөгжлийн төсөл хөтөлбөрүүд үргэлжлүүлэн хэрэгжүүлж ирлээ” гэв.

2015 онд гүйцэтгэсэн 1.6 тэрбум ам. долларын борлуулалтын дүн нь өмнөх 2014 онтой харьцуулахад 5.8 хувиар буурсан. Энэ нь дэлхийн зах зээл дээрх зэс, алтны үнийн уналтаас голчлон нөлөөтэй бөгөөд зэс, алтны баяжмалын борлуулалтын хэмжээ өссөн нь нийт бууралтыг хэсэгчлэн нөхөв. Баяжмалын борлуулалт 2014 оноос 11.7 хувиар өсч 819.800 тонн болсон нь үйлдвэрлэл эхэлснээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

“Оюу толгой” компани 2015 оны 4 дүгээр улиралд 355.6 сая ам.долларын орлого олсон нь өмнөх улирлаас 17.6 хувь буурсан ба энэ нь баяжмал дахь металлын агуулга, зэс, алтны дэлхийн зах зээл дээрх үнийн бууралттай тус тус холбоотой байв. Энэ улиралд биет хэмжээгээр 236,200 тонн баяжмал борлуулсан нь өмнөх улиралтай харьцуулахад 4.5 хувиар өссөн байна.

2015 он “Оюу толгой”-н хувьд бүтэн жилээр үйлдвэрлэл явуулсан хоёр дахь он байж, уурхайн үйл ажиллагааныхаа олон чиглэлээр шинэ амжилт тогтоолоо. Баяжуулах үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлэх шат дараалсан арга хэмжээг жилийн туршид хэрэгжүүлснээр оны төгсгөлд үйлдвэрийг тооцоот хүчин чадлаас давуулан ажиллууллаа. Нийт 202,200 тонн зэс, 653,000 унци алт үйлдвэрлэсэн нь “Туркойз хилл”-ийн 175,000 – 195,000 тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн төлвөөс давсан буюу 600,000 – 700,000 унци алт үйлдвэрлэнэ гэсэн төлөвтэй нийцлээ. 2014 онтой харьцуулахад уурхайн олборлолт 19.3 хувь, баяжуулах үйлдвэрийн боловсруулалт 23.9 хувь, баяжмалын үйлдвэрлэл 39.9 хувь өссөн бөгөөд металлын хувьд зэсийн үйлдвэрлэл 36.3 хувь, алтны үйлдвэрлэл 10.9 хувь тус тус өссөн байна.

2015 оны 4 дүгээр улиралд баяжуулах үйлдвэрийн боловсруулалт өмнөх улирлаас 8.5 хувь өсч улирлын хамгийн дээд түвшинд хүрэв. Металын агуулга буурсан хэдий ч зэсийн үйлдвэрлэл өмнөх улирлаас 2.3 хувь өссөн нь боловсруулалт нэмэгдсэнтэй холбоотой. Ил уурхайн 2 дугаар үе шатны металын агуулга ихтэй хэсгийн олборлолтоос шалтгаалан 4 дүгээр улиралд үйлдвэрлэсэн баяжмал дэх алтны хэмжээ өмнөх улирлаас 68.3 хувь өсөв.

Үйл ажиллагааны цаашдын төлөв

2016 онд “Оюу толгой” компани баяжмал дахь агуулгаар 175,000 – 195,000 тонн зэс, 210,000 – 260,000 унци алт үйлдвэрлэх төлөвтэй байна. Ил уурхайд 2, 3, 6 дугаар үе шатны хэсгүүдээс олборлолт хийж, 4 дүгээр үе шатны хөрс хуулалтыг эхлүүлнэ. Мөн хүдрийн овоолгоос боловсруулалт хийхээр төлөвлөж байна. Алтны агуулга багатай хэсгээс олборлож, бага агуулгатай хүдрийн овоолгоос боловсруулахтай холбоотойгоор 2016 оны алтны үйлдвэрлэл өмнөх оноос буурах төлөвтэй байна. 2016 онд үйлдвэрлэх алтны дийлэнхийг оны эхний хагаст гаргана. Борлуулалтын гэрээг 2016 онд үйлдвэрлэхээр тооцож буй баяжмалын 90 хувьтай тэнцэх хэмжээнд байгуулаад байна.

“Туркойз хилл”-ийн зүгээс Оюу толгойн үйл ажиллагааны бэлэн мөнгөний зардал 800 орчим сая ам.доллар байхаар тооцоолж байна. 2015 онтой харьцуулахад энэ үзүүлэлт буурах төлөвтэй байгаа нь зардал хэмнэх санаачлагууд болон ил уурхайн 4 дүгээр үе шатны хөрс хуулалтын зардлыг капиталжуулахтай холбоотой. Бэлэн мөнгөөр тооцсон хөрөнгө оруулалтын зардал 300 орчим сая ам.доллар (хөрөнгө оруулалтын зардалд гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлыг оруулаагүй) байх ба үүний 280 орчим сая ам.доллар нь ашиглалтын зардал байна. Ашиглалтын зардалд 4 дүгээр үе шатны хөрс хуулалтын зардал капиталжуулахыг оруулж тооцсон.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын хувьд барилга бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх мэдэгдэл гарсны дараагаар “Туркойз хилл” компани нэмэлт мэдээлэл олгоно.

2015 оны 4 дүгээр улирал болон бүтэн жилийн гол үзүүлэлтүүдийг доорх хүснэгтээс үзнэ үү.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхааралд:

  • “Туркойз хилл” компанийн энэхүү мэдээллийн бүрэн эх нь http://goo.gl/wPZ1Wn хуудсанд бий.
  • 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “Туркойз хилл” компани Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)-ын дагуу санхүүгийн тайлангаа гаргаж эхэлсэн бөгөөд доорх хүснэгтэд үзүүлсэн санхүүгийн бүх үзүүлэлтийг шинээр мөрдөж эхэлсэн СТОУС-ын дагуу гаргасан болно.
  • “Оюу толгой”-н санхүүгийн гол үзүүлэлтүүд (“Туркойз хилл” компаниас нийтэд мэдээлснээр)

“Оюу толгой”-н санхүүгийн гол үзүүлэлтүүд*

*2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “Туркойз хилл” компани Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)-ын дагуу санхүүгийн тайлангаа гаргаж эхэлсэн бөгөөд дээрх хүснэгтэд үзүүлсэн санхүүгийн бүх үзүүлэлтийг шинээр мөрдөж эхэлсэн СТОУС-ын дагуу гаргасан болно. Туркойз хилл ресурс компанийн MD&A буюу тайлан ба цаашдын төлөвийн хэсэгт буй бүх мэдээллийг тус компанийн явц дундын нэгтгэсэн санхүүгийн мэдэгдэлтэй тулгаж байхыг зөвлөж байна.

** Үйл ажиллагааны бэлэн мөнгөн зардал зэрэг үзүүлэлтүүдийг санхүүгийн тайланд нийцүүлэхдээ Туркойз хилл ресурс компанийн MD&A буюу тайлан ба цаашдын төлөвийн хэсгийн (Холбоос дээр буй) 37-р хуудасны “Нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн бус зарчимд хамаарагддаггүй хэмжүүр” (NON-GAAP MEASURES) хэмээх 15-р хэсгийг ашиглана уу.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.