Хэвлэл мэдээлэл
Мэдээ

“Оюу Толгой”-н тэтгэлгээр сурч буй Өмнөговийн оюутнууд төгсөөд орон нутагтаа ажиллана

- Өнгөрсөн хугацаанд 242 оюутан энэ хөтөлбөрт хамрагджээ -

“Оюунлаг хүмүүн Монголын баялаг”. Энэ бол “Оюу Толгой” компанийн уриа. Тус компани энэхүү уриагаа ажил хэрэг болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай 2010 онд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Монголын шилдэг оюутан залуусыг дэмжиж, тэднийг дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болсон билээ.

Тэдгээр хөтөлбөрийн нэг нь тус компанийн Бүсийн хөгжлийн хэлтсээс Өмнөговь аймагт хэрэгжүүлдэг “Өмнөговийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр” юм. Орон нутгийн хэрэгцээнд үндэслэн тус аймгийн хүний нөөцийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг дэмжих, нийгэм-эдийн засгийн салбарт шаардлагатай мэргэжлээр сурч буй чадварлаг оюутан залуусыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, оюуны хөрөнгө оруулах, тэдэнд сургуулиа төгсөөд төрсөн нутагтаа ирж ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилготой уг төслийг 2005 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.

Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд 3.2-оос доошгүй сурлагын голч дүнтэй суралцвал сургуулиа төгсөх хүртлээ “Оюу Толгой” компаниас сургалтын төлбөрөө бүрэн авах бөгөөд төгсөөд орон нутагтаа эргэн ирж ажиллах үүрэг хүлээдэг. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ аймгийн Засаг даргын тамгын газар, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл бүхий удирдлагын багтай хамтран ажиллаж буй. Тус баг Өмнөговь аймагт шаардлагатай байгаа мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн гаргах, хөтөлбөрт хамрагдах оюутнуудыг сонгон шалгаруулах, тэдэнтэй гэрээ байгуулж, түүний биелэлтийг хянах, төгсөгчдийг албан байгууллагуудад зуучлан ажилд ороход нь дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэдэг юм.

Өнгөрсөн хугацаанд Өмнөговь аймгийн харьяат 242 оюутан дээрх хөтөлбөрт хамрагджээ. “Оюу Толгой” компани дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 441.1 сая төгрөг зарцуулаад байна. “Өмнөговийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн энэ намрын шалгаруулалт тун удахгүй болно. Дээрх тэтгэлэгт хамрагдан сурч байгаа зарим оюутны сэтгэгдлийг та бүхэнд хүргэж байна.

Ариунхүүгийн ҮҮРИЙНТУЯА. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн утга зохиол, шүүмж судлалын дөрөвдүгээр дамжааны оюутан. Хэдийгээр утга зохиолын бүтээлийн чанар чансааг ариутган шүүх мэргэжлээр сурч буй ч ирээдүйд сэтгүүлч, багш болохыг мөрөөддөг. Аав, ээж нь нутагтаа бизнес эрхэлдэг, айлын хоёр охины ууган нь. Өнгөрсөн оноос “Оюу Толгой”-н тэтгэлэг хүртэж байгаа. “Оюу Толгой”-н тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шалгуур чамгүй хатуу, босго нэлээд өндөр. Тэр бүхнийг даваад хөтөлбөрт хамрагдсандаа баяртай байна. Сургуулиа төгсөөд төрөлх нутагтаа очиж ажиллана. “Оюу Толгой” компани сургалтын болон дотуур байрны төлбөрийг бүрэн төлчихдөг болохоор санаа зовох юмгүй. Сэтгэл амар, хичээл номдоо мэрийдэг юм” гэж тэрбээр ярив. А.Үүрийнтуяа яруу найрагт дуртай, өөрөө мөр холбож, шүлэг бичдэг. Өнгөрсөн зуныхаа амралтаар аймгийнхаа “Алтан говь” телевизэд сар гаруй дадлага хийж, сэтгүүл зүйн дөртэй болсноо дуулгав. “Нутагтаа гурван жил ажиллана даа. Залуу хүний аз од гэж байдаг шүү дээ. Ирээдүйдээ итгэлтэй, нүүр бардам байдаг” гэж тэр охин итгэл дүүрэн хэлж байв.

Бат-Эрдэнийн МЯГМАРСҮРЭН. Өмнөговь аймгийн Баяндалай сумын унаган хүү. 2006 онд есдүгээр ангид байхдаа төрөл мэргэжлийн улсын олимпиадад анх түрүүлж, Монгол-Туркийн хамтарсан сургуульд урилгаар суралцах болжээ. Тэрбээр 2009 онд уг олимпиадад хоёр дахиа магнайлснаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд суралцах урилга гардсан байна. Б.Мягмарсүрэн ирэх хавар сургуулиа хүний их эмч мэргэжлээр төгсөх юм. Аав, ээж хоёр нь сумынхаа Наран багт бод, бог нийлсэн 500-гаад малаа адгуулан аж төрдөг гэнэ. Түүний ээж Дорноговийн анагаах ухааны дунд сургуулийг улаан дипломтой төгсөөд нутагтаа 20 шахам жил багийн эмчээр ажиллажээ. Энэ бүхэн түүнийг эмч хэмээх буянтай мэргэжлийг сонгоход нөлөөлжээ. “Сургуулиа төгсөөд эхлээд сумын эмнэлэгт нэг жил, дараа нь аймгийн эмнэлэгт бас нэг жил, тэгээд тэндээ дахин хоёр жил ажиллаж байж нарийн мэргэжлийн эмч болох учиртай. Сумандаа очиж гурван жил ажиллах бодолтой байгаа” гэж Б.Мягмарсүрэн ярив. Тэрбээр хоёрдугаар курсээсээ Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Арьсны өвчин судалын төвд, гурав, дөрөвдүгээр ангидаа аймгийнхаа Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд дадлага хийж багагүй туршлага хуримтлуулсан аж. Өнгөрсөн зун Баяндалай сумандаа хоёр сар багийн эмчээр ажилласан гэнэ. Чухам энэ үедээ эмч гэж ямар их нэр хүндтэй, сайхан мэргэжил болохыг биеэр мэдэрчээ. “Манай хөдөөнийхөн эмчийг маш их хүндлэх юм. Өвөө, эмээ нар хүртэл намайг “эмч ээ та” гээд л харилцана шүү дээ. Тэр их хүндлэлийг дааж явах учиртай” гэж Б.Мягмарсүрэн бахархангуй өгүүлж байна лээ. Тэр олны хайр хүндлэл хүлээсэн сайн эмч болохын төлөө шамдахын зэрэгцээ үндэсний бөхөөр барилдах, сагсан бөмбөг тоглох дуртай. Бас ч гэж чамгүй сайн барилддаг гэсэн. Өнгөрсөн зун нутгийнхаа овооны наадамд хоёр удаа зодоглож, нэгэнд нь түрүүлж, нөгөөд нь шөвгөрсөн гэнэ лээ.

Баясгалангийн ТАЙВАН. Даланзадгад хотын харьяат. Хоёр жилийн өмнө аймагтаа дунд сургууль дүүргээд ШУТИС-д элсчээ. Одоо барилгын инженер, архитекторын мэргэжлээр сурч буй. Аав нь аймгийнхаа нутгийн удирдлагын ордонд харуул, ээж нь сувилагч. Б.Тайван “Сургуулиа төгсөөд нутагтаа очиж ажиллана. Манай аймагт “Шинэ Даланзадгад” хөтөлбөрийн хүрээнд 50 айлын арваад орон сууц, шинэ сургууль зэрэг цөөнгүй барилга сүндэрлэн босч байна. Удахгүй “Залуучуудын хотхон” ашиглалтад орно. Барилга барина гэдэг олон түмэнд буянтай сайхан ажил шүү дээ” гэв. Тэрбээр өнгөрсөн зун барилгын материалын зургаан үйлдвэр, Хуримын ордны хажууд барьж буй MCS группийн барилга, Буянт-Ухаа цогцолборын орон сууцны барилгын суурь тавьж буй үйл ажиллагаатай танилцсан байна. Энэ нь танхимд үзсэн мэдлэгээ бататгах, онолыг практиктай холбоход ихэд тус нэмэр болсныг тэрбээр онцолж байв. Тэр улс төр, нийгмийн идэвхтэй оюутан юм. Дэлхийн 124 оронд салбартай Олон улсын оюутны байгууллагын санхүүгийн албаны гишүүн гэнэ. Монголд залуу лидерүүдийг төрүүлэх эрхэм зорилготойгоо хэлж байв. Тэрбээр илтгэх урлагийг ихээхэн сонирхдог аж. Түүгээр ч барахгүй илтгэх урлагийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнд тусгай байр эзэлж, Улаанбаатар хотын тэмцээнд нэг удаа түрүүлж, нэг удаа гуравдугаар байрт шалгарч, оюуны олимпийн шилдэг 25-ын нэг болж байжээ.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.