Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой”-н экспортолсон баяжмалын хэмжээ нэг сая тонн хүрлээ

Монгол Улс, Улаанбаатар хот,

Монгол Улс, Улаанбаатар хот - “Оюу толгой” ХХК-ийн экспортод гаргасан баяжмалын нийт хэмжээ нэг сая тонн хүрсэн тухай өнөөдөр мэдэгдлээ. Тус компани анхны баяжмалаа 2013 оны 7 дугаар сард экспортод гаргаж байсан бол өнөөдөр нэг сая тонн болсон амжилтад хүрч байна.

“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Манай компанийн хувьд нэгэн чухал үйл явдал тохиож байна. Ийм богинохон хугацаанд нэг сая тонн баяжмалыг экспортод гаргасан амжилтад “Оюу толгой”-н нийт ажиллагсдын нөр их хөдөлмөр, хамтын зүтгэл, оролцогч талуудын дэмжлэг ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Улиран одож буй жилийнхээ алдаа оноог цэгнэж, айлчлан ирж буй оныхоо чиг мөрийг тодорхойлдог уламжлалтай Цагаан сарын битүүний өдөр энэхүү амжилтад хүрсэнд миний бие ихэд билэгшээж байна. “Оюу толгой”-н болон гэрээт компаниудын нийт ажиллагсдад энэ үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, гүн талархлаа илэрхийлье. Үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, бүтээмжээ дээшлүүлэн, эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэх бидний цаашдын ажил үйлс ололт, амжилтаар арвин байна гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

“Оюу толгой” компанийн хувьд нэг сая дахь тонн баяжмалаа экспортолсон нь тус компани тогтвортой үйлдвэрлэлд шилжих явцад гарч буй чухал үйл явдлын нэг юм. “Оюу толгой” компани 2013 онд бүтээн байгуулалтаа амжилттай дуусгаж, өнгөрсөн онд үйлдвэрээ бүтэн жил тасралтгүй ажиллуулж, үйлдвэрлэл, экспортын хэмжээгээ байнга нэмэгдүүлж ирсэн. Өнгөрсөн онд “Оюу толгой” компани 250 сая орчим ам.долларын татвар, хураамж, бусад төлбөрийг төлсний зэрэгцээ дотоодын ханган нийлүүлэгчдээс 300 сая гаруй ам.долларын худалдан авалт хийсэн юм. Үүнээс гадна аюулгүй ажиллагаандаа тэргүүлэх ач холбогдол өгч, өрсөлдөх чадвараа сайжруулан, хэрэглэгчдийн итгэл хүлээсэн, найдвартай үйлдвэрлэгч болохын төлөө ажиллаж байна.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.