Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” ХХК дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээ хангах шийдлийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана

Монгол Улсын Засгийн газар Таван толгойн цахилгаан станцын төслийг дэмжихээс татгалзсан шийдвэр гаргасны дараагаар “Оюу толгой” ХХК уурхайн цогцолборын эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах гэрээний үүргээ мөрдөн ажиллахаа өнөөдөр дахин нотоллоо.

Эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах урт хугацааны шийдлийг хэрэгжүүлэхийн тулд “Оюу толгой” ХХК нь Засгийн газартай 2014 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Таван толгойн цахилгаан станцын төслийн хэрэгжих боломжийг судалж, цахилгааны станцаас уурхайн цогцолбор хүртэлх 220 кВт-ын цахилгаан дамжуулах шугамын судалгааг хийж ирсэн билээ. Өнөөдөр Засгийн газрын зүгээс Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ (ӨБЭХСХАГ)-г цуцалсан нь дээрх төслийг Засгийн газар боломжит хувилбар хэмээн үзэхгүй байгаа гэж ойлгогдож байна.
ӨБЭХСХАГ цуцлагдсанаар “Оюу толгой” ХХК дөрвөн жилийн дотор эрчим хүчний өөр хувилбарыг сонгон хэрэгжүүлэх ажил эхэлж буй бөгөөд энэ хүрээнд уурхайн талбайд цахилгаан станц барих хувилбарыг авч үзэх боломжтой.
“Оюу толгой” ХХК нь эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн бүх үүргээ тууштай биелүүлэн ажиллах болно.
“Оюу толгойн урт хугацааны хэрэгцээг хангах шийдлийг олж, Монгол дахь дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээ хангах гэрээний үүргээ биелүүлэх нь бидний хувьд нэн чухал. Бид эрчим хүчний хамгийн сайн хувилбарыг хэрэгжүүлэхийн тулд Монгол улсын Засгийн газар болон бүх оролцогч талуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно” хэмээн “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес мэдэгдэв.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.