Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн даргын Олимпийн хөдөлгөөнд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэллээ

“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, элчин сайд Г.Батсүхийн Монголын олимпийн хөдөлгөөнд оруулсан хувь нэмрийг Монголын Үндэсний Олимпийн Хороо (МҮОХ) өндрөөр үнэллээ.

Элчин сайд Г.Батсүхийг МҮОХ-оос өөрийн тэргүүн дээд шагнал болох “Олимпийн алтан од” одонгоор шагнав. Энэ шагналыг түүний Монголын баг тамирчдын амжилт, олимпийн хөдөлгөөнд оруулсан хувь нэмрийг үнэлж олгосон юм.

Г.Батсүх нь БНХАУ, Канад улсуудад Монгол Улсаас суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын албыг хашиж байхдаа болон Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн даргын хувиар олимпийн наадамд оролцсон Монголын багт дипломат болон бусад шугамаар дэмжлэг үзүүлэх ажлыг гардан зохион байгуулж, спортын өндөр амжилт гаргахад хувь нэмрээ оруулсан байна.

“Бээжин 2008” олимпоос Монголчууд хоёр алт, хоёр мөнгөн медаль, мөн Паралимпийн анхны алтан медальтнаа өлгийдөн авсан билээ. Харин Лондон-2012 олимпод Монголын шигшээ баг нийт таван медаль хүртэж медаль хүртсэн орнуудаас 56-д эрэмбэлэгдсэн.

Тэрээр “Олимпийн алтан од” одонгоор шагнуулсны дараа “Монголын Үндэсний Олимпийн Хорооноос миний өчүүхэн идэвх санаачилга, хөдөлмөрийг үнэлж өөрийн дээд шагналаа гардуулсанд туйлын талархаж байна. Өнгөрсөн хугацаанд миний бие биеийн тамир, спорт, нэн ялангуяа олимпизмийн хөдөлгөөнийг дэмжихэд өөрийн хувь нэмрийг оруулахыг хичээж ажилласан. Канад, БНХАУ-д элчин сайдаар ажиллах хугацаандаа олимпийн наадамд оролцож буй Монголын шигшээ багаа дэмжихэд элчин сайдын яамны хамт олноо зохион байгуулан ажиллаж, баг тамирчид маань амжилт гаргах нөхцлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахын төлөө зүтгэж ажилласан” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Г.Батсүх Оюу толгойн Элч тамирчин Х.Цагаанбаатарыг 2012 оны Олимпод дэмжин оролцоход голлох үүрэг гүйцэтгэсэн. 2012 оны Лондонгийн зуны олимп, паралимпийн медалийг урлах үнэт металлыг Рио Тинто компани албан ёсоор нийлүүлсний дотор Оюу толгой алт, зэсний дээжээс нийлүүлсэн түүхтэй юм.

Элчин сайд Г.Батсүх Монголын Ушүгийн холбооны Ерөнхийлөгч, Монголын Чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүний сонгуульт алба хашиж байв.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.