Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

"Оюу толгой" ХХК эрдэс баялгийн салбарын ил тод байдлын талаарх хэлэлцүүлэгт оролцлоо

Монгол Улс, Улаанбаатар хот,

Монгол Улс, Улаанбаатар хот – “Оюу толгой” ХХК-ийн төлөөлөл дөрөвдүгээр сарын 22-24-нд Улаанбаатар хотноо болсон Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын талаарх хэлэлцүүлэгт оролцлоо. Энэ үеэр “Оюу толгой” компани болон “Рио Тинто” группээс үйл ажиллагаа, бизнесээ ил тод явуулахын тулд ямар үзэл баримтлалд захирагддаг хийгээд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буйг танилцуулсан юм.

“Оюу толгой” компанийн Орон нутгийн харилцаа хариуцсан ерөнхий менежер Ш.Байгалмаа “Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний зорилго, агуулга”, Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирал Д.Амарбаясгалан “Гэрээний ил тод байдал Монгол Улсад” хэлэлцүүлэгт тус тус оролцож компанийнхаа ололт амжилт, туршлагаас хуваалцав. Д.Амарбаясгалан дэлхийн уул уурхайн салбарын хэмжээнд ил тод байдлыг хэвшүүлэхийн төлөө “Рио Тинто” группээс санаачлан хэрэгжүүлж буй ажлуудыг онцлон тэмдэглэв Тодруулбал, “Рио Тинто” групп Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын санаачилгыг анхлан хэрэгжүүлсэн компанийн хувьд татвараа олон нийтэд тайлагнах, ил тод байдлын мэдэгдэл гаргах зэрэг эерэг туршлагыг салбартаа оруулж ирдэг.

“Рио Тинто” группийн Харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн ерөнхийлөгч, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын санаачилгын төв удирдах зөвлөлийн гишүүн Симон Нивен бизнесээ тогтвортой хөгжүүлж, хамтрагч талуудтайгаа итгэлцэл бий болгоход ил тод, хариуцлагатай байдал голлох үүрэгтэй хэмээн онцлов. Улс орнуудын Засгийн газартай байгуулсан гэрээ хэлэлцээр, улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, төлбөрөө ил нийтэлсээр байх тухайгаа албан ёсоор мэдэгдсэн нь “Рио Тинто”-ийн хувьд ил тод байх зарчмаа бататган харуулсан чухал алхам байлаа.

“Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто”нээлттэй компаниуд тул хөрөнгийн биржийн шаардлагын дагуу хөрөнгө оруулалтын болон санхүүжилтийн гэрээ нь нийтэд ил байдаг. Мөн энэ дагуу тус группийн менежмент дор үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” ХХК гэрээнүүдээ нийтэлдэг билээ. “Оюу толгой” компанийн Хөрөнгө оруулалтын болон бусад гэрээ тус компанийн www.ot.mn цахим хуудаст хүчинтэй болсон эхний өдрөөсөө байршиж байсан бол одоогоос мөн www.iltodgeree.mn цахим хуудаснаас унших боломжтой болов. Тус цахим хуудаст нийт 440 гэрээ хэлэлцээрийг нийтлээд буй. Эрдэс баялгийн салбарын гэрээний мэдээллийн цахим сан байгуулах ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нээлттэй нийгэм форум, Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн ажлын алба хамтран зохион байгуулсан юм.

“Рио Тинто” 2010 онд татварын тайлангаа дэлгэрэнгүй нийтэлснээр салбартаа анхдагч болж байв. “Рио Тинто” менежментийг нь удирдан хэрэгжүүлдгийн хувьд энэ бүх туршлага, стандартаа “Оюу толгой” ХХК-д хэрэгжүүлжээ. Ажлаа ил тод явуулах, ёс зүйтэй байх нь Оюу толгойн уурхайд ажилладаг хүн бүрийн суурь зарчим юм. Эдгээр зарчмыг “Рио Тинто” групп даяар мөрдөгддөг “Бидний ажлын арга барил” үзэл баримтлалд тусгасан байдаг. Орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжиж, иргэдийг чадавхжуулж, Өмнөговийн ханган нийлүүлэгчдийг дэмжихийг мөн тус үзэл баримтлалдаа шингээж өгчээ.

“Оюу толгой”, Ханбогд сумын засаг захиргаа, нутгийн малчдын тэнцүү эрх бүхий төлөөллөөс бүрдсэн Гурван талт зөвлөл (ГТЗ) нь нутгийн удирдлага, иргэдтэй тогтвортой, нээлттэй хамтын ажиллагаа хөгжүүлэх жишиг загвар болсон гэж хэлж болох аж. “Оюу толгой” компани орон нутагтай хамтран ажиллах итгэлцэлд хүрч, хамтын ажиллагааны тогтвортой механизмтай болсны хүчинд малчдын Дэлхийн Банкны Группийн Эрх зүйн хяналт, нийцэл, зөвлөгөө, омбудсмэний газарт гаргасан гомдлуудыг амжилттай хааж, цаашид тус байгууллагын туслалцаагүйгээр аливаа асуудлыг зөвшилцлийн арга замаар амжилттай шийдвэрлэх чадавхтай болсон гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцлон тэмдэглэсэн юм.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.