Хэвлэл мэдээлэл

Рио Тинто группийн Гүйцэтгэх ерөнхий захирал Оюу толгойн уурхайд зочиллоо

Рио Тинто группийн Гүйцэтгэх ерөнхий захирал Сэм Уолш саяхан “Оюу толгой”-н уурхайд зочилж, уурхай 2013 онд арилжааны үйлдвэрлэлийн үе шатанд шилжсэнээс хойш нэг сая тонн зэсийн баяжмал гадаад зах зээлд гаргасан амжилтыг тэмдэглэлээ.

Өмнөговь аймагт орших уурхайн талбайд болсон ёслолд Уул уурхайн сайд Р.Жигжид, Рио Тинто Зэс, Нүүрсний группийн Гүйцэтгэх ерөнхий захирал Жан Сэбастьяан Жак, “Оюу толгой” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй болон “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх нар хүрэлцэн ирсэн юм.

“Оюу толгой” нь шууд хөрөнгө оруулалт болохоос гадна ажлын байр бий болгох, аюулгүй ажиллагаа, техник технологи, байгаль орчин, удирдахуйн ухаан, хангамж, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт нэвтрүүлэх зэрэг шууд бус хэлбэрээр Монгол Улсад ихээхэн үнэ цэнийг буй болгоод байгаа билээ.

2010 оноос хойш уг уурхайд 6,4 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газарт ойролцоогоор 1,3 тэрбум ам.долларыг татвар хураамж, нөөц ашигласны төлбөр болон бусад хэлбэрээр төлсөн юм. Зөвхөн 2014 онд гэхэд Монголын компаниудаас 300 сая ам.долларын худалдан авалт хийж, 7,8 сая ам.долларыг боловсрол, сургалт, тогтвортой хөгжлийн төслүүдэд оруулсан байна.

Сэм Уолш Рио Тинто группийн Гүйцэтгэх ерөнхий захирлын хувиар анх удаа хийж буй энэхүү айлчлалынхаа үеэр “Оюу толгой” уурхайн үйл ажиллагааг үзэж ажилчдын төлөөлөлтэй уулзсан бөгөөд аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн бизнесийг цогцлоох компанийн эрхэм зорилготой танилцсан юм.

Тэрээр “Оюу толгойн ил уурхайн үйл ажиллагаатай танилцаж, Монгол ажилчдын хийж бүтээсэн амжилтыг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрлөө. Хоёр жил хүрэхгүй хугацаанд нэг сая тонн зэсийн баяжмал экспортод гаргана гэдэг үйл ажиллагаагаа эхлээд удаагүй “Оюу толгой”-н хувьд томоохон тэмдэглэлт үйл явдал юм. Энэ амжилтын нэгээхэн хэсэг нь болж байгаадаа бид баяртай байна” хэмээн онцлов.

Ёслолын үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид “Оюу толгой”-н амжилт бүтээлийг онцлон тэмдэглэж, үг хэлсэн юм. Тэрээр “Оюу толгой бол Монгол Улсын үндэсний үнэт баялаг билээ. Өнөөдрийн энэхүү амжилт нь “Оюу толгой”-н нийт ажилтан, түүний 95 хувийг бүрдүүлдэг Монголчуудын маань нөр их хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн юм. “Оюу толгой” цаашид алхам алхамаар улам бэхжиж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд урт хугацааны турш хувь нэмрээ оруулна гэдэгт би итгэлтэй байна” гэлээ.


“Оюу толгой” зэсийн баяжмалаа анх 2013 оны 7 дугаар сард олон улсын зах зээлд гаргасан бөгөөд түүнээс хойш үйлдвэрлэл, борлуулалтаа нэмэгдүүлж, ил уурхайн үйл ажиллагааны үр шимийг хувь нийлүүлэгчиддээ хүртээхэд чиглэн ажиллаж байгаа юм.