Хэвлэл мэдээлэл
Өгүүлэл

Сонгосон мэргэжлээ зорилго болгосон бүсгүй

"Хунгийн дэвэлт, усны чимээ, шувуудын жиргээ. Энэ бүхэн экологич болох надад бүжиг наадам, дуу хуур юм. Байгалийн энэ гайхамшигт амьд тоглолтыг насан туршдаа мэдэрнэ гэдэг ямар их аз завшаан бэ" хэмээн өгүүлэх бүсгүйг Өвгөнхүүгийн аргад гэдэг. Тэр МУИС-ийн Биологийн салбар сургуулийн хоёрдугаар дамжаанд сурдаг.

Ө.Маргад Улаанбаатар хотын унаган хүүхэд. Түүнийг тавдугаар ангийн жаахан охин байхад тэднийх муурын бяцхан зулзага тэжээжээ. Тэр хөөрхөн амьтан түүнд биологийн "багш" нь болж, амьтдын тухай мэдлэгийг нь зузаатгажээ. Тэгээд л долдугаар ангиасаа биологич болъё гэж эргэлт буцалтгүй шийдсэн гэх. Тэрхүү мөрөөдлөө биелүүлэхийн тулд өнгөрсөн онд Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийг төгсөөд МУИС-д элсчээ.

"Биологи бол хүн төрөлхтөн нас, хүйс, яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэг, газар зүйн байрлалаараа өөр өөр боловч цөм нэгэн том гэр бүлийн гишүүд гэдгийг ойлгуулдаг шинжлэх ухаан юм. Энэ мэргэжилд миний дуртай дуу, шүлэг, бүжиг гээд амьдралд минь сайхан гэгдэх бүхэн багтсан байдагт л хэргийн учир бий" гэж Ө.Маргад ярив.

Ө.Маргад "Оюу толгой" компаниас жил бүр зарладаг "Оюунлаг хүмүүн Монголын баялаг" уриатай дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдөн тэнцсэн юм.

Ө.Маргад дунд сургуульд байхдаа сүү, ургамлын тос, төмс, эрдэнэ шишээс байгальд хялбархан устдаг био хуванцар гаргаж туршсан нь амжилттай болж, урам зоригийг нь бадраажээ. Эдүгээ бидний ихээр ашигладаг, газрын тосноос гаргаж авдаг, байгальд маш хортой, олон зуун жил болж байж устаж үгүй болдог, дэлхий дээрх хог хаягдлын бараг 40 хувийг эзэлдэг хуванцрыг байгальд ээлтэй бүтээгдэхүүн био хуванцраар солих гэсэн анхны оролдлого нь энэ юм.

Сонгосон мэргэжлээ амьдралынхаа зорилго болгосон Ө.Маргад бүсгүй хүслээ гүйцээнээ.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.