Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

ХАМТДАА амжилт сайшаах хөтөлбөрийн хагас жилийн шагнал гардуулах ёслол

Өмнөговь аймаг, Ханбогд сум,

“Оюу толгой” компанийн шилдэг баг хамт олон шалгаруулах “ХАМТДАА амжилт сайшаах хөтөлбөр”-ийн 2017 оны эхний хагас жилийн ялагчид тодорлоо. “Аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоож, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах” эрхэм зорилгод хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ажилтнуудыг шагнан урамшуулах, хамт олныхоо ололт амжилтыг таниулан тэмдэглэх зорилгоор энэхүү ХАМТДАА Амжилт сайшаах хөтөлбөрийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн билээ. “Хамтдаа” амжилт сайшаах хөтөлбөрийн ялагчид болон нэр дэвшсэн бүх ажилтнууддаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!




“Аюулгүй Ажиллагаа”-ны төрөлд Гар ажиллагааны эрсдэлийг бууруулах чиглэлээр Баяжуулахын засвар, Нийтийн аж ахуйн баг, Уурхайн засвар үйлчилгээ, ЭМААБО-ны хамтарсан ажлын хэсэг шалгарсан юм. Ялагчид: С.Алтангэрэл, Г.Баатарсүх, Б.Тэмүүжин, Э.Золжаргал.
-Гар ажиллагаанаас үүдсэн гэмтэл, бэртлийг багасгах чиглэлээр нэн тэргүүнд эрсдэлийг тодорхойлж, туршлагатай ажилчидтай хамтран ажиллаж гар ажиллагааны эрсдэлийг арилгах, боломжит хамгийн бага түвшинд бууруулах гарц, шийдэл олох нь судалгааны багийн гол зорилго байв. Өнөөдрийн байдлаар энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 40 гаруй үнэлгээ хийж, үнэлгээний мөрөөр 180 гаруй арга хэмжээ авч ажилласан байна.


“Хамт Олон” төрөлд Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтсийн Ажилчдын эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын төсөл шалгарсан юм. Ялагчид: Л.Мөнх-Оргил, Ш.Энхтуяа, Х.Бат-Ундрах
-Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтсийн Ажилчидтай харилцах баг компаниас нэмэлт зардал гаргалгүйгээр ажилчдын эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын асуудлыг шийдвэрлэж чадлаа. Одоо манай ажилчид эрүүл мэндийн даатгалаараа олон төрлийн үйлчилгээ авах боломжтой болсноос гадна гэр бүлийнхнээ ч мөн даатгалд хамруулах боломжтой боллоо.


“Мөнгөн хөрөнгө” төрөлд Бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, мөнгөн хөрөнгийг хэмнэхэд чиглэсэн ”Драйв” багцын төслийн удирдлагын системийн хөгжүүлэлт төслийн хамт олон шалгарлаа. Ялагчид: Б.Баясал, Г.Гандэлэг
-Бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, мөнгөн хөрөнгийг хэмнэхэд чиглэсэн нэгдсэн мэдээллээр хангах, вебэд суурилсан DRIVE (Эхний хувилбар) системийг ашиглалтад орууллаа. Системийн эхний хувилбарыг зургаан долоо хоногийн хугацаанд бэлэн болгосон бөгөөд компанийн бүх хэрэглэгч шинэ санаачилга гаргах, удирдах, зохицуулах боломжтой болж байгаа юм.


“Түншлэл" төрөлд Орон нутаг, Байгаль орчин, Хүний нөөц болон Хангамжийн хэлтсүүдийн хамтарсан ажлын хэсгийн Гурван талт зөвлөл – талуудын итгэлцлийг бэхжүүлэх механизм шалгарлаа. Ялагчид: Д.Амартүвшин, О.Цэрэннадмид, Л.Ариунчимэг, Л.Мөнх-Оргил, Н.Эрдэнэбаяр, С.Дорждэрэм.
-2012 онд гаргасан малчдын гомдлын мөрөөр Эрх зүйн Нийцэл Хяналт, Зөвлөгөө, Омбудсмений газраас (ЭЗНХЗОГ) маргаан шийдвэрлэх үйл ажиллагааг эхлүүлж, маргалдагч талууд (Малчид, Оюу толгой ХХК, Эрх зүйн Нийцэл Хяналт, Зөвлөгөө, Омбудсмений газрын-ын зуучлагч) нэгдсэн шийдэлд хүрэхээр дөрвөн жилийн хугацаанд олон чиглэлээр эрчимтэй яриа хэлэлцээр, хөндлөнгийн үнэлгээ хийж хамтран ажиллалаа. Гурван талт зөвлөлийн түвшинд тохиролцсоноор маргаан шийдвэрлэх үйл ажиллагааг 2017 оны 5 дугаар сараас хяналт шинжилгээний үе шатанд шилжүүлэн ажиллаж эхлээд байна.


“Өсөлт” төрөлд Мейжор дриллинг, Гүний уурхайн геотехникийн багууд Өсөлтийн чиглэлд, “Чичирхийлэл хэмжилтийн өрөмдлөг” хөтөлбөрөөр шалгарлаа. Ялагчид: П.Өнөболд, Т.Нэмэхсүхболд, Д.Мөнхзул, А.Элбэгсайхан.
-Чичирхийлэл хэмжилтийн өрөмдлөгийн технологийг нэвтрүүлэх нь агуйлан олборлолтыг амжилттай явуулахад маш чухал үүрэгтэй. Олборлолтын явцад тогтмол хяналт тавьснаар гүний уурхайн олборлолтын үйл ажиллагааг аюулгүй, үр ашигтай явуулах болно. Энэхүү технологи Монголд урьд нь ашиглагдаж байгаагүй, хамгийн сүүлийн үеийн технологи юм. Төсөл санаачлагч нар энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэх чин эрмэлзэл, ур чадвартай болохоо нотлон харуулж чадлаа.


“Нэгдмэл Оюу толгой” төрөлд Гүний уурхайн Хүний нөөц ба Сургалтын баг Хамтдаа хөтөлбөр шалгарлаа. Ялагчид: Д.Эрдэнэчимэг, Брайн Финлэй

-2016 оны сүүлээр аюулгүй ажиллагааны соёл төлөвшүүлэх Хамтдаа хэмээх хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлж эхэлсэн билээ. Уг хөтөлбөр 450 гаруй ахлах ажилтан, 1,800 гаруй ажилтныг хамран амжилттай хэрэгжиж, Оюу толгой компани төдийгүй Рио Тинто группийн хэмжээнд өндөр үнэлгээ авсан ба аюулгүй ажиллагааны соёл төлөвшүүлэх цааш цаашдын төсөл хөтөлбөрүүдэд жишиг болох хэмжээнд хүрч чадлаа.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.