Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

Ханбогд сумд хэрэгжүүлсэн мэргэжил сургалтын хөтөлбөр хаалтаа хийж 21 төгсөгч олон улсын стандартын гэрчилгээ гардан авав

Өмнөговь аймаг, Ханбогд сум,

Ханбогд сумын 21 иргэн өнгөрсөн Пүрэв гаригт тусгайлсан сургалтын хөтөлбөр дүүргэж, ур чадвараа дээшлүүлэн, хөдөлмөрийн зах зээлд хөл тавих бэлтгэлээ хангалаа.

Зургаан сарын хугацаатай “Ажил хөдөлмөрт бэлтгэх сургалт” нь 2015 оны 10 дугаар сард эхэлсэн юм. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд суралцагчид цахилгаан, гагнуур, механик зэрэг мэргэжлээр нарийвчилсан сургалтанд хамрагдаж, Австралийн мэргэжил, ур чадварын гэрчилгээ гардан авлаа. Сургалтын хүрээнд уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарт эрэлт ихтэй мэргэжлээр суралцагчдад мэдлэг олгож, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхөд шаардлагатай ур чадвар олгоход анхаарчээ.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Өнөөдөр энэхүү төсөлд оролцсон бүх талын хувьд чухал өдөр болж байна. “Оюу толгой” компани болон түүний хамтран ажиллагч байгууллагуудын хүчин чармайлтын дүнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Австралийн гэрчилгээтэй мэргэжилтнүүд бий болж байна. Эдгээр залуус өөрийн төрөлх нутаг, Монгол орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” хэмээн төгсөлтийн арга хэмжээний үеэр онцлон тэмдэглэв.

“Оюу толгой” ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц, зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер Майкл Гавин “Мэргэжил олгох хөтөлбөрийн бүх оролцогчдод талархал дэвшүүлье. Хөтөлбөрт хамрагдсан суралцагчид олон улсын түвшний мэдлэг, ур чадвар эзэмшлээ. “Оюу толгой” компанийн үйл ажиллагааны нэг чиглэл бол сургалт, ур чадварыг нутагшуулах явдал байдаг. Боловсролын чиглэлээр бидний түншүүдтэйгээ хамтран хэрэгжүүлж буй олон арга хэмжээний нэг нь энэхүү сургалт юм.”

“Сургалтын энэ мэт олон хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бид өөрийн тавьсан зорилго, хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ орон нутагтай урт хугацааны тогтвортой түншлэлийг бэхжүүлж байна” гэж дүгнэн хэллээ.

Сургалтыг “Оюу толгой” ХХК-ийн Мэргэжлийн сургалтын төв, Дорнодын Политехникийн коллеж, Австралийн магадлан итгэмжлэгдсэн ТАФЭ Куинсланд Скил Тек байгууллага, Субутай Майнинг Сервисез компани хамтран онол, дадлага хосолсон хэлбэрээр явуулжээ.

Мөн “Оюу толгой” компани ажилгүй иргэдэд мэдлэг, ур чадвар, дадал олгох замаар хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх 18 долоо хоногийн сургалтыг саяхан зарлаад байна. Сургалтыг амжилттай төгсөгчид Австралийн мэргэжил, ур чадварын стандартын гэрчилгээ гардан авна.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.